Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.
Төрийн өмчийн зарим компанийг хувьчлах асуудлаар дараах мэдээллийг тэрбээр хүргэсэн юм.
Энэ талаар хэлэхдээ "Засгийн газраас эдийн засгийн тусгаар тогтнолыг чухалчилж байна. Энэ хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг онцгой анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг олгох боломжийг бий болгоно.
Иргэд, ААН-ийнхээ хийж чаддаг зүйлсэд төр оролцохоо больё. Харин хийж чадахгүй зүйлсэд нь төрийн бодлогыг илүү анхаарч өгье. Хийж чаддаг зүйлийг нь булаацалдахаа больё.
2026-2028 онд Монгол Улсын төрийн өмчит компаниуд хуулийн этгээдүүдээ хэрхэн өөрчлөн зохион байгуулах, хувьчлах, хувьцааг нь ил тод нээлттэйгээр биржээр борлуулах бодлогодоо тусгахаар анхаарсан.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг ангилбал үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчид зайлшгүй байх компаниуд бий
Компанийн үйл ажиллагааг хэрхэн ил тод, нээлттэй болгох вэ, үр ашгийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэсэн бодлогууд явуулна.
Төр оролцохгүй байх, хувийн хэвшил аваад явж чадах компаниудыг хувьчилъя. Хувьчилна гэдэг үгийг худалдана, хуйвалдана гэсэн утгаар буруу ойлгодог. Үүнийг олон нийтэд ил тод, нээлттэй, хувьцааг нь бирж дээр зарна гэсэн үг.
Мөн хоёр дахь хэлбэр нь дуудлага худалдаагаар худалдана. Ийм зарчмыг барьж хэрэгжүүлнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!