Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дорлигжав: Монгол хүн бүхэн компанийн захирал болон эзэн болох сонирхолд хөтлөгдөж явна

ikon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN

Монголын Залуучуудын Холбооноос оны төгсгөлд нийгэм, улстөр, эдийн засаг бизнесийн шилдэг залуу гэж шалгаруулдаг уламжлалтай. Харин шалгарсан залуус нь ирж буй шинэ ондоо багтаж Монгол Улсын хөгжлийн талаарх өөрийн санал санаачлага бүхий илтгэлийг тавьдаг. 

Энэхүү илтгэлүүдийг бид Монголын Залуучуудын Холбоотой хамтран 16 дахь цувралаа хүргэхээр бэлдлээ.

1998 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорсон Билиг Дээд Сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Дорлигжавын илтгэлийг хүргэж байна.

 

1999 он

Би энэ лекцийг бэлтгэхдээ амь зуухын тулд ойр ойрхон өөрчлөгдөж байдаг жижиг хувийн бизнесийн хувьд биш томоохон хөрөнгө оруулалт хийж удаан хугацааны тогтвортой бизнес эрхлэх бодолтой хүмүүст зориулж зарим ном хэвлэл материалыг уншсан, амьдралд ашиглагдсан зүйлүүдийг харьцуулж бэлдлээ. Яагаад энэ сэдвийг сонгов оо гэвэл Монголын нөхцөлд тулгамдсан зүйл бөгөөд энд манай шинээр төрж буй бизнесменүүдийн алдаж онож явааг практик амьдрал дээр бид харж байна. Дэлхийн зах зэлийн эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын бизнес эрхэлдэг зарчмуудыг бас харьцуулж дүгнэлт хийсэн гэж үзэж болно. Өнөөдөр монгол хүн бүхэн компанийн захирал болон эзэн болох сонирхолд хөтлөгдөж явна. Нэг талаас энэ нь ч бас буруу биш. Гэхдээ бизнес эрхлэх наад захын мэдлэг чадвар эзэмшихгүй юм бол удаан тогтвортой бизнес болж чадахгүй гэдгийг хэлэх гэсэн юм.

 
Би эхлээд бизнес төлөвлөгөөний гол үндэс гэж хэлж болох үндсэн асуудлуудыг товч ярихыг хүсч байна. Эцэст нь Монгол орны хувьд нэмэлт ямар хүчин зүйлүүд байгааг хэлье. Нэг зүйлийг урьдчилан хэлэхэд миний ярьж буй зүйл маань сонсоход бүгд ойлгомжтой мэддэг зүйл мэт санагдах байх. Миний анзаарсан зүйл бол манайхан мэднэ гэж хэлдэг боловч яг ажил дээрээ түүнийгээ системтэй зөв мэдлэг болгон хэрэглэдэггүйгээс шинээр бизнес эрхлэгчид ихээхэн алдаа гаргаж байгааг би анзаарсан юм. Иймд бид хүмүүсээ зохих дараалалтайгаар сэтгэн ажил зохион байгуулах сэтгэлгээнд оруулах ёстой юм. Аливаа бизнес эхлэхэд түүний урьдчилсан төлөвлөлт буюу бизнес- төлөвлөгөө яаж хийснээс бүх зүйл шалтгаална. Мордохын хазгай болохгүйн тулд бизнес төлөвлөгөөг боловсруулахад маш нягт, нямбай, бүтээлч тооцоо, судалгаа хийж цаг зарцуулах шаардлагатай. Том хөрөнгө оруулалтыг таамаг цээжний тооцоогоор харанхуй эхэлж хэрхэвч болохгүй. 

Бизнес төлөвлөгөөг боловсруулах арга, үе шат анхаарах зүйлүүд

Юуны өмнө ирээдүйн бизнесийн талаарх санаа бол хөрөнгө оруулалтын бодлогын анхдагч үндэс нь юм. Практикаас харахад энэ бол цоо шинэ бизнес эхлэх эсвэл хуучин эрхэлсэн бизнес өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээндээ шинэ бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх эсвэл шинэ ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр эхэлдэг юм байна.
 
Та бидний ирээдүйн бизнесийн хувь заяанд онцгой нөлөө үзүүлэх тэр санааг яаж олж авах ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Уул нь зах хязгааргүй олон санаа хаа сайгүй оршиж байдаг. Эндээс бизнесийн санааг тодорхойлохдоо эсвэл бэлэн төлөвлөсөн бизнесийг аливаа хамтран эрхлэх, эсвэл янз бүрийн эх булгаас цуглуулсан мэдээллүүдэд өөрийн зорилго, итгэл үнэмшилд нийцүүлэн боловсруулалт хийх. Эсвэл бэлэн явж байгаа бизнесийг ирээдүйтэй гэж үзвэл шууд худалдан авах зэрэг хэлбэрээр эхэлж болох юм.
 
 

Бизнесийн ямар ч санааг аль хэлбэрээр эхэллээ ч гэсэн заавал өөрийн бодож тооцож боловсруулсан судалгаанд суурилсан итгэл үнэмшил хамгийн гол нь гэдгийг дахин хэлье. Ер нь аливаа бизнесийн олон санаануудын дундаас хамгийн гол нь хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхол, мөн тухайн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулалтын талаар зах зээлийн ажилтан, судлаачдын санаа, төрөөс явуулж буй бодлогын үндсэн чиглэл, шинжлэх ухааны болоод зохион бүтээгчид, шинийг санаачлагчдын янз бүрийн санал, санаачлага, бүтээлүүд зэргийг бизнесийн санааны анхдагч гол эх сурвалжууд гэж үзэж болох юм.

Бизнес төлөвлөгөөний гол нэг хүчин зүйл нь хэрэглэгчдийг судлах явдал. Өөрөөр хэлбэл, байнга тогтвортой байх хэрэгцээ, ажил үйлчилгээг олж тогтоох, тэдний хүсэл сонирхлыг судлах гэсэн үг. Түүгээр ч барахгүй зөвхөн тэдний хүсэл сонирхлыг ажиглаад зогсохгүй хэрэглэгчдийг шинэ хэрэглээнд татан оролцуулах болон өөрөөр хэлбэл цоо шинэ эрэлт хэрэгцээ үүсгэх боломжийг бас нарийн судлах шаардлагатай.
 
Бизнес төлөвлөгөөний анхаарах бас нэг чухал хүчин зүйл бол өөрийн эрхлэх гэж буй бизнесийн өрсөлдөөний төлөв байдлыг судлах явдал. Өөрөөр хэлбэл мөн цаашдын өрсөлдөөнд юугаараа давуу байж хэрэглэгчдийг илүү татах вэ? гэдгийг зөв тодорхойлох ёстой.
 
Эдгээр бизнесийн олон санаануудын дундаас бизнесийн ирээдүйг дампууралд хүргэх гайтай санал ч бий. Тухайлбал тухайн ажил үйлчилгээг явуулах техникийн талыг сайн мэддэг мэргэжилтэн байлаа гэхэд түүндээ хөтлөгдөж яаруу судалгаагүй ажил эхлэх үзэгдэл манайд ердийн үзэгдэл болжээ. Та тухайн салбарын хамгийн өндөр чадвартай мэргэжилтэн, эрдэмтэн байж болно. Гэхдээ бизнесийг эхлэхээс авахуулаад үр дүнгээ өгч эхлэх хүртэл бүх цикл түүний мөн чанар төлөв байдлыг нэвтэрхий мэдэж байна гэсэн үг биш. Аливаа бизнесийн техникийн тал, бүхэлдээ бизнес хоёр бол огт өөр хоёр зүйл юм. Сайн мэргэжилтэн боллоо, сайхан санаа төрлөө гэдэг бол хаа нэг газар очиж сайн ажиллах чадвартай боллоо гэсэн үг болохоос тэр мэргэжлээрээ бүхэл бүтэн бизнес явуулах чадвартай боллоо гэсэн үг хараахан биш.

Хэрэглэгчид гэж хэн бэ? Тэд юу худалдаж авдаг вэ?

Шууд утгаараа хэрэглэгчид гэдэг бол хүмүүс, байгууллага, мөн төр ч байж болно. Аливаа хэрэглэгчийн сонгон авч байгаа бараа, эсвэл үйлчилгээ нь гурван талтай. Нэгдүгээрт нь автомашин дээр жишээ авъя. 1-р нь үндсэн бараа бүтээгдэхүүн нь автомашин 2 дахь гол зүйл нь тухайн машины чанар, загвар, төрөл, баглаа, боодол, өнгө зүс, 3 дахь нь түүний баталгаа, засвар хийх боломж түүнд үзүүлэх үйлчилгээ, төлбөрийн хэлбэр (зээлээр эсвэл бэлнээр гэх мэт)
 
Энэ тохиолдолд машин үндсэн бүтээгдэхүүн бөгөөд хоёр, гуравдугаар хүчин зүйлүүд нь туслах бүтээгдэхүүн гэж хэлж болох юм. Иймд бизнес төлөвлөгөөгөөрөө энэ гурван хүчин зүйлийг адил төвшинд авч үзэх шаардлагатай ажээ. 
 
Мөн бизнес төлөвлөгөөний хүрээнд бизнес төлөвлөлтийн систем, ангилал, зорилго, бүтэц шинж зэрэг онолын чанартай ойлголтууд байдаг. Энэ бүхний мөн чанарыг зөв ойлгож төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах ёстой. Бизнес төлөвлөгөөг үндэслэлтэй болгоё гэвэл зөвхөн өөрийн бодол санааны хүрээнд эргэлдэх биш уг төлөвлөгөөг боловсруулахад ямар байгууллагаар ямар тооцоо судалгаа зөвлөмж боловсруулах вэ? гэдгээ хүртэл сонголт хийх хэрэгтэй болно. Энэ бүхний үр дүнд таны гар дээр бэлэн бизнес төсөл бий болно.
 
Ийнхүү төсөл бэлэн бий болсны дараа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх зохион байгуулалтын их ажил хүлээж байна. Захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, захиалагчийн болон мэргэжлийн хяналт гэсэн оролцогчид байж ажил эхэлнэ. Эхэлсэн ажлаа хэрэгжүүлэх удирдах баг гэж заавал байх ёстой. Энд төслийн удирдагч, төслийн инженер буюу техникийн гол мэргэжилтэн, төслийг хянагч, нябо, хангалт хариуцсан менежер, зураг төслийн удирдагч, барилгын ажлын удирдагч, ашиглалт эрхэлсэн мэргэжилтэн зэрэг бүтэц бүхий бүрэлдэхүүн байж уг төслийг жинхэнэ ажил хэрэг болгох боломжтой. Төслийг хэрэгжүүлэх ажил дараах үе шаттайгаар явах ёстой гэж үздэг юм байна.
 
1. Хөрөнгө оруулалтын урьдах шат
  • Хөрөнгө оруулалт хийх боломжийн анализ
  • Урьдчилсан сонголт судалгаа
  • Урьдчилсан техник эдийн засгийн үр дүн (Реп5|ЬШ1у з{ис!у)
  • Бизнес төлөвлөгөө
  • Рапорт буюу хөрөнгө оруулалт хийх боломжийн талаарх илтгэл тайлан
  •  
2. Хөрөнгө оруулалтын үе шат
  • Гэрээ хэлцэл
  • Зураг төсөл хийх
  • Барих байгуулах ажил- Маркетинг хийх
  • Сургалт явуулах
 
3. Ашиглалтын үе шат
  • Объектыг хүлээн авах ажиллуулж эхлэх
  • Туршилт, тохируулга хийх зүйл болно
Бизнес төлөвлөлтийн зарчмын тухай бас хэдэн үг хэлье. Үүнд:
  • Бизнесийн удирдлагын бүх шийдвэр зөвхөн тавьсан зорилгодоо хүрэхэд чиглэж байх
  • Ажлаа төлөвлөсөн санхүүгийн хэмжээнд багтааж хийх
  • Тодорхой хэмжээний цаг хугацааны болоод санхүүгийн нөөцтэй байх
  • Хүн хүч, машин техникийн хувиарлалт, ажлын графикийг төлөвлөсөн хэмжээгээр баримталж хүн хүч техникээ зөв хувиарлах, цаг хожих, ухаан зарах, бодолтой шийдвэрлэх
Та хэдий сайн тооцоо судалгаатай, сайн групп багтайгаар ажил эхэлсэн ч танаас үл хамаарах онцгой хүчин зүйлүүдийг огт мартаж болохгүй. Монголын өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчдийн тооцож чаддаггүй гол зүйл энэ юм. Энд гадаад дотоод хүчин зүйлүүд орно. Тухайлбал:
  • Улс орны эдийн засгийн тогтвортой байдал
  • Хөрөнгө мөнгөний хомстол өөрөөр хэлбэл тухайн төслийг санхүүжүүлэх боломж
  • Инфляцийн түвшин төлөв байдал
  • Гарч болзошгүй нийгмийн шаардлага
  • Болзошгүй экологийн шаардлага
  • Засаг захиргааны ажлын арга барил хандлага
  • Хууль зүйн орчин гэх мэт.
Өнөөдөр Монгол Улс олон улсын судлаачдын нүдээр бизнес эрхлэх таатай боломж бүрдүүлсэн байдлаар 100 илүү орны ард нь зогсож байна. Өнгөрсөн жил Сангийн яамнаас санаачлан Сингапур дахь дэлхийн нэр хүнд бүхий үнэлгээний байгууллагаар албан ёсоор улсынхаа зэрэглэлийг тогтоолгосон нь бий. Энэ бүхэн бол Монгол оронд хөрөнгө оруулалт хийж бизнес эрхлэх хамгийн анхны мэдээлэл чухал дүгнэлт гэж үзэх хэрэгтэй.
 
Эцэст нь бизнесийн салбарт бүхнээс илүү амжилт гаргая гэвэл аливаа шинэ санаа бүхнийг байнга эрэлхийлж, хайж, тэмтэрч яв. 
 
Мөн та бүхний өмнө лекц унших боломж олгосон оны шилдэг бизнесменээр шалгаруулж надад ажиллах эрч хүч, урам хайрласан залуу удирдагч сангийн нөхдөд хувийн гүн талархал илэрхийлье.Энэ цаг үеийнхээ мөн чанарт тохирсон улс төр бизнесийн салбарт залуучуудыг татан оролцуулж оюуны бүтээлийн сан бий болгох энэ алхмыг би туйлын зөв санаа гэж үзэж байна.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.
 
1999 он