Оросын фермерүүд мал устгалыг зогсоохыг эрх баригчдаас шаардахаар Москвад цугларчээ
Оросын таван бүс нутгийн фермерүүдийн төлөөлөгчид өчигдөр мал сүргийг олноор устгаж буй үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардахаар Москвад цугларчээ.
Хоёрдугаар сараас хойш ОХУ-ын есөн бүс нутагт нийт 90,000 гаруй толгой үхрийг устгасан нь нийгэмд томоохон маргаан дэгдээгээд байгаа.
Цугларсан фермерүүд шууд хохирлынхоо хэмжээг 1.59 тэрбум рубль ($19.5 сая), дагалдах нэмэлт хохирлын хэмжээг 368.2 сая. рубль ($4.5 сая) гэж тооцоолсон байна.
Орон нутгийн эрх баригчид устгалаа галзуу өвчин, бактерийн халдвар болох пастереллёзын дэгдэлттэй холбон тайлбарлаж байгаа.
Өөр бусад тодорхойгүй өвчин мал сүрэгт тархсан гэж үзэж байгаа юм.
АНУ-ын хөдөө аж ахуйн яамны гадаад харилцааны алба уг устгалын цар хүрээ нь шүлхий өвчний дэгдэлттэй холбоотой байж магадгүйг харуулж буйг мэдээлжээ.
“Бүх Оросын Хөдөө Аж Ахуйн Зөвлөл” хөдөлгөөний идэвхтнүүд ерөнхийлөгч Владимир Путинаас устгалыг зогсоож, шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг шалгахыг хүссэн 31,000 гаруй хүний гарын үсэгтэй шаардах бичиг өргөн барьснаа мэдээлсэн байна.
Тэд бас “Америк, Европын стандарт”-ыг дагаж мөрдсөний улмаас ийм гажуудал гарсан гэж үзээд Орос улсыг Дэлхийн Худалдааны Байгууллагаас гаргахыг шаарджээ.
Москвад цугларсан фермерүүд нь Новосибирск, Архангельск, Волгоград, Омск мужууд болон Удмуртын бүгд найрамдах улсын төлөөлөгчид юм байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
