Иргэд нийслэлийн ногоон бүсэд эргүүл хийнэ
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгаа тул ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажилд байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн ногоон бүсэд оршин суугч иргэдийг урамшуулалт эргүүлээр ажиллуулах гэрээ байгуулжээ. Ингэснээр тухайн ногоон бүсэд түймэр гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, төр, иргэдийн хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 60 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 59 хувийг ил гал, 15 хувийг цахилгаан ашиглалт, угсралтаас үүдэлтэй дуудлага эзэлжээ.
Гарч буй гал түймрийн шалтгаан нөхцөл нь татсан тамхиа унтраалгүй хаях, шар өвсөө шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүйгээс үүдэлтэй байна.
Харин улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.31/ байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум буюу 8 аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртжээ.
Хуурайшилтын үед иргэд сэрэмжтэй байж ил гал гаргахгүй байх, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:
Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
