Эрэгтэй хүн эмэгтэй хүний гарыг үнсэх нь "бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр мөн" гэж Испанийн дээд шүүх дүгнэв
Эрэгтэй хүн зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүний гарыг үнсэх нь “бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр мөн” гэсэн дүгнэлтийг Испани улсын дээд шүүх өчигдөр гаргажээ.
2023 онд Мадридын автобусны буудал дээр нэг эрэгтэй нэг эмэгтэйд дөхөж очоод гарыг нь үнсэж, өөрийгөө дагаж явахыг санал болгож, мөнгө төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн дохио зангаа үзүүлсэн юм байна.
Тухайн үед Мадридын шүүх үүнийг бэлгийн хүчирхийлэл гэж дүгнээд эрэгтэйд 1,620 еврогийн торгууль ногдуулж байжээ.
Гэвч шийтгүүлсэн эрэгтэй Испанийн дээд шүүхэд давж заалдаж, эмэгтэйтэй харилцахдаа өөрийгөө ямар ч хүчирхийлэл, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаагүй гэж заргалдсан байна.
“Хохирогч өөрийнх нь хувийн орон зайд халдсаны улмаас зовж, гомдсон байж магадгүй ч энэ нь түүний бэлгийн бүрэн бүтэн байдалд эрсдэл учруулаагүй” гэж тэр шүүхэд мэдүүлжээ.
Бас уг хэрэг олон нийтийн газарт, цагдаагийн газрын ойролцоо, өдрийн цагаар болсныг онцолсон байна.
Гэвч дээд шүүх түүний үйлдлийг хэвийн зүйл биш, илэрхий бэлгийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг болох үйлдэл байсан гэж олонхын саналаар дүгнэжээ.
Дээд шүүхийн хоёр шүүгч үүний эсрэг санал өгсөн байна.
“Бусдын гарыг үнсэх нь одоо хоцрогдсон ч манай соёлд мэндчилгээний нэг хэлбэрт тооцогддог. Хэн нэгний хацар дээр үнсэх, гар барих зэрэгтэй адил энэ нь бэлгийн харилцааны шинж чанартай үйлдэл биш” гэж тэд маргажээ.
Сүүлийн жилүүдэд Испанид бэлгийн харилцааг ямар тохиолдолд хоорондоо зөвшилцсөн гэж үзэх талаар маргаан нийгмийн анхаарлын төвд байсаар байгаа.
2022 онд батлагдсан “Зөвхөн тийм гэх нь тийм гэсэн үг” гэж нэрлэгдсэн хуульд энэ талаар нарийвчлан зааж байв.
2023 онд Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес дэлхийн цомын шигшээ тоглолтод хожсон эмэгтэй багийнхаа ялалтыг тэмдэглэхдээ тоглогч Женни Эрмосогийн уруул дээр зөвшөөрөлгүй үнссэн нь томоохон маргаан дэгдээсэн юм.
Тэрбээр үүнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр болсон үйлдэл гэж тайлбарласан ч тоглогч бүсгүй үүнийг няцааж байв.
Улмаар хэрэг шүүхэд шилжсэнээр 2025 онд Рубиалес бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруудаж, торгуулиар шийтгүүлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
