Ойрх Дорнодын дайны улмаас Өмнөд Солонгост хогийн уутны эрэлт огцом нэмэгдэв
Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын дэлгүүрүүдийн лангуунаас эм тариа, хоол хүнс биш, хог хаягдлын зориулалттай хуванцар уут хамгийн их зарагджээ.
Өдөрт дунджаар 2.7 сая уут зарагдсан нь ердийн үеийнхээс бараг тав дахин өндөр тоо юм байна. Сөүл хотын дүрэм журамд айл өрхүүд ахуйн хог хаягдлаа газрын тосны бүтээгдэхүүн болох нафтагаар үйлдвэрлэдэг уутанд зөвхөн хийж хаях үүрэгтэй байдаг.
Тиймээс Ойрх Дорнодод нэг сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайны улмаас газрын тосны хомсдол үүссэн нь Өмнөд Солонгосын иргэдийг хогийн уутаа нөөцлөхөд хүргэсэн байна.
Өмнөд Солонгос улс бараг бүх газрын тосоо импортолдог, үүний гуравны хоёр нь Персийн булангийн орнуудаас импортлогддог юм.
Тиймээс тус улсад Ормузын хоолой хаагдсантай холбоотой үүссэн хямрал хамгийн их нөлөөлж байгаа.
Өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн гол индекс Kospi 12 гаруй хувиар унасан нь түүхэнд нэг өдрийн дотор хамгийн огцом унасан тохиолдол болсон.
Воны ханш бас 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн доод түвшиндээ хүрч, Мягмар гарагт нэг ам доллар 1,530-тай тэнцсэн байна.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) тус улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн анхны төсөөллийг 0.4 хувиар бууруулж, 1.7 хувьд хүргэжээ.
Гэсэн хэдий ч эрх баригчид айдас түгшүүрт автсан иргэдээ тайвшруулахыг хичээж байна.
Даваа гарагт тус улсын уур амьсгал, байгаль орчны сайд Ким Сон Хван хогийн уут хомсдох аюул байхгүйг сошиал хуудсаараа мэдэгджээ.
“Та бүхэн хог хаягдлын уутны хомсдолд санаа зовох хэрэггүй. Хамгийн муу тохиолдолд бид ердийн гялгар уут хэрэглэхийг зөвшөөрөх болно. Гэртээ хог хаягдал хуримтлуулах нөхцөл байдал үүсэхгүй” гэж тэр бичсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
