Трамп эхлүүлсэн дайнаа 2-3 долоо хоногт дуусгахаа амлаж, АНУ-ын технологийн компаниудыг Ираны тал сүрдүүллээ
Ираны эсрэг эхлүүлсэн дайнаа 2-3 долоо хоногийн дотор дуусгах боломжтойг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэр “Бид тун удахгүй явах болно. Хоёр долоо хоногийн дотор, магадгүй хоёроос гурван долоо хоногийн дотор” гэж хэлсэн байна.
Энэ нь нэг сар гаруй хугацаанд үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлийг доргиосон дайны дуусах хугацааг Трамп хамгийн тодорхой хэлсэн тохиолдол юм.
Дайныг зогсоохын тулд Ираны талтай ямар нэг гэрээ байгуулах шаардлагагүйг Трамп энэ үеэр нэмж хэлжээ.
Дипломат хүчин чармайлтын үр дүнгээс дээрх хугацаа хамаарах эсэхийг сэтгүүлч асуухад тэр “Үгүй ээ. Иранд гэрээ байгуулах шаардлага байхгүй” гэж хариулсан байна.
Харин дайныг дуусгах гол нөхцөл нь Ираныг дахин цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болгон “чулуун зэвсгийн үед” буцаах гэнэ.
“Энэ тохиолдолд л бид явна” гэж Трамп хэлжээ.
Үүнээс гадна тэр Ормузын хоолойг нээлттэй байлгах нь АНУ-д ямар ч хамаагүй бөгөөд энэ нь уг хоолойгоос хамааралтай улс орнуудын үүрэг хариуцлага болохыг хэлсэн байна.
“Энэ бол бидний үүрэг биш. Энэ нь Францынх. Хоолойг ашиглаж буй бүгдэд хамаатай” гэж Трамп хэлжээ.
Тэр бас АНУ-ын хүчин чармайлтад туслахгүй байгаа холбоотнуудад дахин бухимдлаа илэрхийлэхдээ “өөрсдийнхөө газрын тосыг өөрсдөө ав” гэж хэлсэн байна.
Тэгвэл Мягмар гарагт Ираны Хувьсгалт Гвард гаргасан мэдэгдэлдээ хэрвээ удирдагчдыг нь үргэлжлүүлэн устгасаар байх юм бол Apple, Google, Meta зэрэг АНУ-ын технологийн компаниудыг онилохоор сүрдүүлжээ.
“Тегераны цагаар дөрөвдүгээр сарын нэгний Лхагва гарагийн 20:00 цагаас эхлэн эдгээр компаниуд Иранд үйлдэгдсэн аллага бүрийн хариуд өөрийн салбаруудаа устгуулах болно” гэж уг мэдэгдэлд дурдаад 18 компанийн нэрсийг жагсаасан байна.
“Эдгээр компанийн ажилтнуудад амиа аврахын тулд ажлын байраа нэн даруй орхихыг зөвлөж байна” гэж цааш нь анхааруулжээ.
Жагсаалтад Intel, Microsoft, Oracle, Tesla, Palantir, Nvidia зэрэг бусад аварга компаниудын нэр багтсан байна.
Хувьсгалт Гвард дээрх компаниудыг Ираны удирдагчдын аллагыг төлөвлөх, хянах элементийн үүрэг гүйцэтгэж байгаа хэмээн буруутгажээ.
“Эдгээр террорист компаниудын эргэн тойронд нэг километрийн радиус дотор оршин суудаг бүс нутгийн орнуудын иргэдэд орон гэрээ орхин явахыг зөвлөж байна” гэж мэдэгдэлд цааш анхааруулсан байв.
Гуравдугаар сарын эхээр Амазон компани Арабын Нэгдсэн Эмират улс дахь хоёр, Бахрейн улс дахь нэг дата төв нь Ираны агаарын цохилтод өртсөнийг мэдээлж байсан юм.
Дайн эхэлснээс хойш Ираны топ удирдагчид АНУ, Израилийн оновчтой агаарын цохилтод ээлж дараалан алагдаж байгаа.
Тухайлбал Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени, Хувьсгалт Гвардын ерөнхий командлагч Мохаммад Пакпур нар дайны эхний өдөр алагдсан юм.
Гэхдээ зарим ажиглагчид ийм арга хэмжээ Ираны эсэргүүцэл үзүүлэх хүчийг сулруулна гэдэгт эргэлзэж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
