Оросын тэрбумтан эдийн засгаа аврахын тулд долоо хоногийн зургаан өдөр, 12 цагаар ажиллахыг уриалав
Оросын тэрбумтан Олег Дерипаска улс орныхоо эдийн засгийн шилжилтийг хурдасгахын тулд долоо хоногийн зургаан өдөр, 12 цагаар ажилладаг болох санал дэвшүүлжээ.
Аж үйлдвэрийн магнат сошиал хуудсандаа бичихдээ Оросын нөөц хязгаарлагдмал тул одоогийн хямралыг даван туулах цорын ганц арга нь хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлэх явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ингэхийн тулд долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 8-аас оройн 8 цаг хүртэл ажилладаг болох шаардлагатайг Дерипаска тайлбарлажээ.
“Бидэнд тийм ч их нөөц байхгүй. Тодорхой хэлбэл бидэнд зөвхөн нэг нөөц бий. Энэ нь хүнд цаг үед хэрхэн хүчээ нэгтгэж, их ажиллах ёстойг мэддэг манай үндэстний онцлог юм” гэж тэр бичсэн байна.
Дээрх ажлын цагийн хуваарьт аль болох хурдан шилжиж чадвал хямралаас төдий чинээ хурдан гарахыг Дерипаска онцолжээ.
Тэрбээр одоогийн нөхцөл байдлыг эдийн засгийн хямрал биш, харин дэлхий ертөнцийг өөрчлөх “гүнзгий өөрчлөлт” гэж тодорхойлсон байна.
Ингэхдээ тэр бас Оросын төв банк болон түүний макро эдийн засгийн бодлогыг шүүмжилжээ. Тухайлбал бодлогын өндөр хүү тогтоож, рублийн ханшийг дэмий чангаруулсан нь хөрөнгө оруулалтыг боомилсон гэж дүгнэсэн байна.
Дерипаска бас Ойрх Дорнодод үргэлжилж буй дайн газрын тос, байгалийн хий, бордооны үнэ ханшийг өсгөсөн ч энэ дайн “Орост сайн зүйл авчрахгүй” гэж анхааруулжээ.
Үүнээс сэргийлэхийн тулд рублийн ам доллартой харьцах ханшийг 105 болгон сулруулж, бодлогын хүүг 6 хувь хүртэл бууруулахыг тэр Оросын төв банкны удирдлагад уриалсан байна.
Рублийн ханшийн чангаралт, бодлогын өндөр хүү холбооны засгийн газрын төсөвт аль хэдийн 16 их наяд рублийн ($196.6 тэрбум) хохирол учруулсан гэж Дерипаска тооцоолжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
