Д.Баянжаргал: Хүннү моллын урд барилгын бохирын хоолой дөрөв дэхээ бөглөрч, зам дээр халих тохиолдол гарлаа
Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцаж ажилладаг байна.
Тодруулбал айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй. Хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй, тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг аж.
Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй тул тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг.
Сүүлийн жилүүдэд иргэдэд үзүүлэх орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар муудах, хугацаа алдах, гадна салбар шугамын урьдчилсан засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй байдлаас шалтгаалж нийтийн эзэмшлийн зам талбайд ус алдах, бохир халих зэрэг хүндрэлийг бий болгож байна. Иймээс хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулах шаардлагатай.
Нөгөө талаас иргэд ариун цэврийн хэрэглэл, живх, алчуур, уусдаггүй цаас зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг жорлонгийн суултуур руугаа хийж байгаа нь бохирын хоолой бөглөрөх, халих эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд зүй бус хэрэглээндээ анхаарахыг уриалж байна” гэв.
Иргэдийн зүй бус хэрэглээний талаар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Д.Баянжаргал “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборын урд талын барилгын бохирын хоолой дөрөв дэх удаа бөглөрч, авто зам дээр халих тохиолдол гарлаа.
Иргэд бохирын хоолой руугаа янз бүрийн хог хаягдал хийдгээс болж бөөгнөрөл үүсэж нэг давхрын айлдаа суултуураар хальж гарах, улмаар гадна талбайд бохир халих, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсэх, цаашлаад нян бактери тархаж, хүний эрүүл мэнд хохирох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх ч эрсдэлтэй. Иймээс иргэдийг хог хаягдал, хоолны үлдэгдлээ хогийн саванд хаяж, хариуцлагатай байхыг хүсэж байна” хэмээн ярилаа.
Улаанбаатар хотын хэмжээнд бүсчилсэн байдлаар бохирын хоолойнуудад 352 ширхэг шүүрийг суурилуулжээ. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих хатуу хог хаягдлыг багасгадаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
