Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр Францын их, дээд сургуулийн магистрын түвшинд суралцуулах тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.  

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх, их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын түншлэлийг дэмжих зорилготой аж. 

1. Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо

  • Түвшин: Магистрын сургалт (франц болон англи хэлээр).
  • Чиглэл: Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.

2. Тэтгэлгийн давуу тал Сонгогдсон оюутнууд дараах эрхийг эдэлнэ:

  • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • Сар бүр 860 евроны мөнгөн тэтгэмж (хоол, байрны зардалд зориулагдсан);
  • Францад ирсний дараа даруй эхний тэтгэмжээ авах эрх;
  • Францын их, дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • Франц дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
  • Жич: Тэтгэлэг нь бүх зардлыг бүрэн хангах хэмжээтэй бус тул хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх шаардлагатай.

3. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэргийн дипломтой байх;
  • Сонгосон хөтөлбөрт тавигдах хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
  • Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч байгаагүй байх;
  • Англи хэл: TOEFL 72-оос дээш эсвэл IELTS 5.5-аас дээш оноотой байх;
  • Франц хэл: DELF B2, DALF эсвэл TCF B2-оос дээш түвшний дипломтой байх.

4. Бүртгэл, хугацаа

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр.
  • Сонгон шалгаруулалт нь баримт бичгийн үнэлгээ болон ярилцлага гэсэн хоёр үе шаттай явагдана.
  • Ярилцлагын товыг 2026 оны 5 дугаар сарын 29-ний дотор утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

5. Бүрдүүлэх баримт бичиг Баримт бичгийг хоёр хувь (нэг хувь нь франц/англи хэлээр, нөгөө хувь нь монгол хэлээр) бүрдүүлнэ:

  1. Бүрэн, зөв бөглөсөн анкет;
  2. CV буюу товч намтар;
  3. Суралцах зорилго, төлөвлөгөөг багтаасан эсээ (суралцах хэлээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй);
  4. Диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (франц хэлээрх орчуулгын хамт);
  5. Францын их сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулийн захидал эсвэл тодорхойлолт;
  6. Төгссөн сургуулийн дэмжсэн албан захидал;
  7. Ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт (E-Mongolia).

Анхаарах зүйлс:

  • Материалыг Францын Элчин сайдын яамны харуулд "Сургалтын тэтгэлгийн хүсэлт" гэж хаяглан биеэр хүргэж өгнө.
  • Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯ-ны 11-324519, Боловсролын яамны 51-262916 дугаараас лавлана уу.