Жо Хэн-Лан: Хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан болон КОЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Жон Ин Ён нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.
Уулзалтаар талууд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай Монгол Улсад “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, шүүх шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 31 жил болж байгаа бөгөөд боловсрол, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
