Оросын цэргүүд Константиновка хотыг эзэлснийг Зеленский няцааж, тэнд уулзах саналыг Путинд тавьжээ

Т.Давааням, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Украины стратегийн ач холбогдолтой Константиновка хотыг хяналтдаа авсныг Оросын цэргийн командлагч нар Баасан гарагт ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн байна.

Энэ хот бол Донецк мужийн үлдсэн хэсгийг хяналтдаа авахад чухал хэрэгтэй түшиц газар тул Оросын зэвсэгт хүчин удаан хугацааны турш эзлэхийг оролдож байгаа юм.

Тэгвэл Бямба гарагт Украины ерөнхийлөгч болон тус улсын зэвсэгт хүчний жанжин штаб Константиновкаг алдсанаа няцаажээ.

“Мэдээж энэ бол Оросын бас нэг худал яриа, түүх зохиох гэсэн оролдлого. Хэрвээ Константиновка үнэхээр Оросын мэдэлд орсон бол энэ дайныг эцэслэн зогсоох дипломат арга замыг олохын тулд надтай тэнд уулзахаас Путин татгалзахгүй байх” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Украины зэвсэгт хүчний жанжин штаб бас уг хот өөрийнх нь хяналтад хэвээр байгааг мэдэгджээ.

“Зүүн бүлгийн 19 дүгээр армийн корпусын цэргийн анги, дэд ангиуд хотын дотор тогтоосон шугам болон түүний ойр орчмыг хамгаалах ажиллагаа явуулсаар байгаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

зураг
 

Харин Бямба гарагт Оросын нэг радиогоор Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярихдаа Зеленскийн тавьсан саналыг элэглэн шоолж, Константиновка аль хэдийнээ Оросын нэг хэсэг болсон, түүнтэй Москвад уулзах Путиний урилга хүчин төгөлдөр хэвээр байгааг хэлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд “Оросын цэргүүд Константиновка хотыг чөлөөлж, бүрэн хяналтаа тогтоосноор энд амь үрэгдсэн Украины цэргийн алба хаагчдын цогцсыг хүлээлгэн өгөх хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулахад бэлэн байна” гэсэн юм.

Константиновка бол Украины аж үйлдвэржсэн бүс нутаг болох Донецк мужийн үлдсэн хэсгийг хамгаалах шугам дээр оршдог дөрвөн суурин газрын хамгийн урд талын хот.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хотыг Оросын цэргүүд эзэлбэл Украины хамгаалалтын шугамын дагуу хойд зүгт давших боломж нээгдэх юм.

Одоо Оросын зэвсэгт хүчний байлдааны ажиллагаа энэ чиглэлд голлон төвлөрч байна.

 

Эх сурвалж: Reuters