АНУ-ын байлдааны хөлөг эвдэрсний улмаас 300 усан цэрэг Номхон далайд хүнд байдалтай дөрөв хоног саатжээ
300 орчим усан цэрэгтэй АНУ-ын байлдааны хөлөг эвдэрсний улмаас өнгөрсөн сард Номхон далайд дөрөв хоног цахилгаангүй саатсан талаар тус улсын тэнгисийн зэвсэгт хүчний командлал өчигдөр мэдээлжээ.
Долдугаар сарын 24-ний өдөр “USS Benfold” нэртэй хөлөг дээр цахилгааны эх үүсгүүртэй холбоотой ноцтой гэмтэл гарсан нь ийм байдалд хүргэснийг командлагч Мэттью Комер тайлбарласан байна.
Энэ нь усан цэргүүд дөрөв хоног ундны усгүй, хоолгүй, жорлонгүй, агааржуулагчгүй хүнд нөхцөлд байсан гэсэн үг юм.
Ийм зүйл болсныг өнгөрсөн Баасан гарагт USNI News суваг анх удаа олон нийтэд мэдээлж байв.
Ираны дайн сунжирсантай холбоотой АНУ-ын тэнгисийн байлдааны хөлөг дээрх нөхцөл байдал муудсан тухай мэдээлэл Пентагоны эрх баригчдыг дарамталж буй цаг үетэй энэ нь давхацсан юм.
Ардчилсан Намын хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр үүссэн нөхцөл байдлыг мөрдөн шалгахыг уриалж байв.
Далайд тасралтгүй 250-аас дээш хоног байрлаж буй уг хөлөг дээр хоол хүнс хомстож, эрүүл ахуйн стандарт муудсаны улмаас сэтгэл зүйн хямралтай тулгарсан усан цэргүүдийн дунд амиа хорлох оролдлого хэд хэд гарсан тухай мэдээ олон нийтийг цочроосон юм.
USS Benfold хөлгийн усан цэргүүд “тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, тууштай зан чанарын ачаар” уг хямралыг давж гарсныг Комер мэдэгджээ. Дөрөв хоногийн дараа USS Robert Smalls хөлөг эвдэрсэн хөлөгт хоол хүнс хүргэжээ.
Дараа нь эвдэрсэн хөлгийг Филиппин улсын Субик Бэй боомтод долдугаар сарын 28-ны өдөр чирч хүргэсэн гэнэ.
Цахилгааны үүсгүүрээ засуулсны дараа USS Benfold наймдугаар сарын 8-ны өдөр тус боомтоос явжээ.
Одоо USS George Washington нисэх онгоц тээвэрлэгч тэргүүтэй тэнгисийн хөлгүүд хямралд нэрвэгдсэн USS Abraham Lincoln-ий халааг авахаар Номхон далайн бүсээс Ойрх Дорнод руу аялж байгаа юм.
Ингэснээр Номхон далайд АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч үлдэхгүй бөгөөд хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй болж байна.
Трампын засаг захиргаа Хятад улсыг тухайн бүс нутагт АНУ болон түүний холбоотнууд ноёрхоход саад учруулах цорын ганц хүч гэж гадаад бодлогодоо тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
