Украины батлан хамгаалахын сайд асан тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалав

Т.Давааням, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Украины батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров өчигдөр орой тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг уриалсан нь 2022 онд эхэлсэн дайнаас хойш Володимир Зеленскийд тулгарсан хамгийн хатуу сорилт боллоо.

Өнгөрсөн сард түүнийг гэнэт албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд Украины олон хотод Зеленскийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагдаж байв.

Мягмар гарагийн орой цацсан видео мэдэгдэлдээ Федоров “Украин улс удаан үргэлжилсэн дайны дундуур ч гэсэн ардчиллын үйл явцаа бүрэн хэрэгжүүлэх ёстой” гэж хэлжээ.

“Ардчиллыг Оросын барьцаанд байлгаж болохгүй. Бид Европын чөлөөт улс хэвээр үлдэхийг хүсэж байгаа учраас л тэмцэж байгаа юм” гэж есөн минут үргэлжилсэн мэдэгдлийнхээ үеэр тэр хэлсэн байна.

Зеленскийн нэрийг шууд дурдаагүй Федоров одоогийн ерөнхийлөгч улс орон нь онцгой хүнд нөхцөл байдалд байгаа ч авлигатай хангалттай тэмцэж чадахгүй байгааг шүүмжилжээ.

“Зарим шийдвэрүүд яагаад гардаг, зарим шинэчлэл урагшилж, зарим шинэчлэл яагаад зогсдог нь ойлгогддоггүй улсад хүмүүс насаараа амьдарч чадахгүй” гэж тэр хэлээд Украин улс тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхийн зэрэгцээ сонгууль зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Федоров “Томилгооны гол шалгуур нь мэргэжлийн ур чадвар, улс орныг өөрчлөх чадвар биш, системд үнэнч байдал гэсэн ойлголт нийгэмд бий болох нь маш аюултай зүйл” гэж анхааруулжээ.

Зеленскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан ч Оросын эзлэн түрэмгийлэх дайнтай холбоотой цэргийн дэглэм тогтоосон нь Украинд сонгууль явуулах боломжгүй болгож байгаа.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Украинд сонгууль явуулахыг уриалж байсан ч Оросын эсрэг тулалдах чадвартайгаа харуулсны үр дүнд сүүлийн нэг жил орчим хугацаанд түүний Зеленскийтэй харилцах харилцаа аажмаар сайжирсан юм.

35 настай Федоров 2019 оноос энэ оны нэгдүгээр сарыг хүртэл Украины дижитал хөгжлийн сайдаар ажиллаж байсан бол дараа нь үргэлжлээд долдугаар сарыг хүртэл батлан хамгаалахын сайдаар ажиллажээ.

Тэрбээр энэ хугацаанд Украины зэвсэгт хүчинд нисгэгчгүй онгоцны технологи нэвтрүүлэх ажлыг амжилттай удирдаж байсан юм.

Гэвч Зеленский түүнийг Украины армийн ерөнхий командлагч Александр Сырськийтэй ойлголцож чадаагүй шалтгаанаар албан тушаалаас нь огцруулж байв.

Үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцлийн улмаас Зеленский бас Сырськийг огцруулахад хүрсэн юм. Гэвч Федоров албан тушаалдаа буцаж томилогдоогүй.

Мягмар гарагт Зеленский түүний оронд түр томилогдоод байсан Евгений Хмарагийн томилгоог эцэслэн баталсан юм.

Өнөөдөр Украины парламент Хмараг батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилох асуудлаар санал хураалт зохион байгуулж магадгүй байна.

Гэхдээ ажиглагчид дайны гал зогсоогүй цаг үед сонгогчдын саналыг хураах ажиллагааг зохион байгуулах нь маш аюултай гэж үздэг.

Энэ сарын эхээр явуулсан санал асуулгаар Украинд одоо ерөнхийлөгчийн сонгууль явуулбал Зеленский хамгийн их буюу 22.3 хувийн, дараа нь Их Британид суугаа элчин сайд Валерий Залужный 21.4 хувийн, батлан хамгаалахын сайд асан Федоров 13.1 хувийн санал эхний шатанд авах үр дүн гарчээ.

Харин хоёр дахь шатанд Федоров, Залужный хоёрын аль алинд нь Зеленский ялагдах үр дүн гарсан байна.

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай зохион байгуулагддаг юм.

Дайны улмаас хэдэн сая хүн гадаадад дүрвэсэн, нэг сая гаруй иргэн фронтын шугам дээр тулалдаж байгаа, газар нутгийнх нь тавны нэг орчим Оросын армид эзлэгдсэн зэрэг хүчин зүйлс нь Украинд сонгууль явуулахад маш хэцүү болгож байна.

 

Эх сурвалж: Associated Press