О.Нямбаяр: Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны дулааны шугамыг шинэчлэн, энэ сарын 15-нд багтаж хэрэглэгчдийг халуун усаар хангана
Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам шинээр тавих ажлын хүрээнд авто замын трасс дагуу давхацсан инженерийн байгууламжийг цогц хэлбэрээр шинэчлэх ажлыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын захиалгаар Дүүрэн гол ХХК хийж гүйцэтгэж байгаа аж.
Ажлын явцын талаар "Дүүрэн гол" ХХК-ийн захирал О.Нямбаяр "Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто замын трасс дагуу давхацсан инженерийн байгууламжийг цогц хэлбэрээр шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Авто замын доор инженерийн шугам сүлжээ, борооны ус зайлуулах шугам угсарч, кабелийн шугамыг шилжүүлэн гэрэлтүүлэг суурилуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 75 хувьд хүрлээ. Долоодугаар сарын 15-нд багтаж хэрэглэгчдийг халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх ажил нь тавдугаар сарын 15-ны өдөр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч 2025-2026 оны хичээлийн жил дуусаагүй, Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй холбоотой авто замын ачаалал нэмэгдэх тул зургаадугаар сарын 15-ны өдөр авто замыг хааж, инженерийн байгууламжуудыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
