Ираны дээд удирдагч агсны олон өдөр үргэлжлэх оршуулгын ёслолын ажиллагаа Тегеран хотод эхэллээ
Баасан гарагт Ираны эрх баригчид АНУ-Израилийн агаарын цохилтод амиа алдсан тус улсын дээд удирдагч агсан Али Хаменигийн австай шарилд хүндэтгэл үзүүлснээр олон өдөр үргэлжлэх оршуулгын ёслол Тегеран хотод эхэлжээ.
Тус хотын шашны гол байгууламж болох Их Мосалла сүмд Ираны төрийн далбааны гурван өнгөөр чимэглэсэн австай удирдагчийн шарилыг байрлуулсан байна.
Өнөөдөр буюу Бямба гарагт болох ёслолын арга хэмжээнд гадаад улс орнуудын төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцох ажээ.
Өчигдөр үдээс хойш Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын спикер, АНУ-тай хийж буй яриа хэлэлцээний ахлагч Мохаммед Багер Галибаф нар шарилд хүндэтгэл үзүүлсэн байна.
Уг ёслолд хоёрдугаар сард эхэлсэн дайнаас хойш нууц байдалд байсан Ираны зэвсэгт хүчний тэргүүлэх хүч болох Хувьсгалт Гвардын командлагч Ахмад Вахиди бас оролцжээ.
Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайны маргааш Хамени алагдсан ч оршуулгын ёслолыг нь хойшлуулсаар АНУ-тай гал зогсоох гэрээ байгуулсны дараа ийнхүү хэрэгжүүлж байна.
Өчигдөр бас Иран улсыг АНУ-тай яриа хэлэлцээнд зуучилж байгаа Пакистан улсын ерөнхий сайд Шехбаз Шариф дээд удирдагчийн шарилд хүндэтгэл үзүүлжээ.
Саудын Арабын гадаад хэргийн дэд сайд Валид Эль-Хэрэйжи, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тэргүүтэй төлөөлөгчид мөн хүндэтгэл үзүүлсэн байна.
Хятад, Афганистан болон Ираны хөрш Кавказын орнууд зэрэг 30 орчим улс төлөөлөгчөө илгээхээр болсныг мэдээлжээ.
Хамени агсны шарилыг Их Мосалла сүмд гурав хоног байрлуулж, иргэдтэй салах ёс гүйцэтгүүлэх бөгөөд энэ үеэр Тегеранд 15-20 сая хүн цугларах тооцоотой байна.
Үүнтэй холбогдуулан Ираны эрх баригчид зочдыг сургууль, сүм хийдүүдэд байрлуулах, зочид буудлуудын үнийг 50 хувиар хөнгөлөх, нийтийн тээврийн чиглэлийг түр өөрчлөх зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.
Тегераны арга хэмжээний дараа шашны ариун төвүүд гэгддэг Ком, Машхад зэрэг хотуудад оршуулгын ёслолын төгсгөл хэсэг үргэлжлэх юм.
Эрх баригчид Тегеран дахь төрийн болон хувийн оффисуудыг Бямбаас Даваа гараг хүртэл хааж, шарилыг Их Мосаллагаас гаргах Даваа гарагт агаарын орон зайг бүрэн хаахаар болжээ.
Эцэст нь 86 настайдаа таалал төгссөн Исламын шашны Шийт урсгалын тэргүүн Али Хаменигийн шарилыг түүний төрсөн газар болох Ираны зүүн хойд бүсийн Машхад хотод Имам Резагийн бунханд оршуулах юм.
Түүний залгамжлагч болсноосоо хойш олны өмнө ил гараагүй байгаа хүү Можтаба Хамени нь Тегеранд болох арга хэмжээнд оролцох эсэх тодорхойгүй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

