Археологичид эртний Византийн үеийн хотын балгасыг Египетийн баруун цөлөөс илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Египетийн археологичид тус улсын баруун цөлөөс эртний Византийн үеийн маш сайн хадгалагдаж үлдсэн хотын балгасыг илрүүлснээ зарлажээ.

Нийтийн тооллын дөрөвдүгээр зуунд Дахла баян бүрдийн дэргэд оршиж байсан энэ хотоос орон сууцнууд болон шашны байгууламжийн үлдэгдэл олдсон юм байна.

Мөн зоос, ваар савны хэлтэрхийнүүд, багаж хэрэгсэл олноор олджээ.

Египетийн аялал жуулчлал, эртний эдлэлийн яамны мэдээлснээр нээлтийн эхний олдворууд Византийн эзэнт гүрний харьяанд байсан Египет орны тухайн үеийн өдөр тутмын амьдрал, хот байгуулалт, эдийн засгийн үйл ажиллагааны тухай маш сайн мэдээлэл өгөхөөр байгаа гэнэ.

Сүмийн зориулалттай байгууламж нь хотын төвд, гудамжнуудын уулзвар дээр байрлаж, хоёр талдаа харуулын цамхагтай байжээ.

Египетийн баруун муж Шинэ Хөндийд оршдог энэ баян бүрд Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад багтахад ганцхан алхам дутуу байгаа юм.

Хотын балгаснаас олдсон хүрэл зооснууд дээр Византийн эзэн хаадын хөрөг, загалмайтны шашны бэлгэдлүүд, латин хэлний үгс сийлсэн байжээ.

Хэсэг алтан зоос олдсон нь Нийтийн тооллын 337-аас 361 оны хооронд тогтнож байсан Ромын эзэн хаан II Константиусын засаглалд хамаатай болохыг урьдчилан тогтоосноо Египетийн эртний эдлэлийн яам мэдээлсэн байна.

Тус яамны Ислам, Копт, Июдейн эртний эдлэлийн хэлтсийн захирал Диаа Захран хотын балгаснаас бичиг хэргийн зориулалтаар ашиглаж байсан 200 орчим ваарын хэлтэрхий илэрснийг бас мэдээлжээ.

Эдгээр дээр захидал харилцаа, худалдаа арилжааны баримт зэрэг өдөр тутмын амьдралтай холбоотой зүйлс тэмдэглэгдэж үлдсэн байгаа гэнэ.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Associated Press