Тэйлор Свифт, Трэвис Келси нарын хуримын ёслол болж өнгөрснийг албан ёсны төлөөлөгч нь батлав
Америкийн поп хөгжмийн супер од Тэйлор Свифт, NFL лигийн хөлбөмбөгийн тамирчин, Супер Боул тэмцээний гурван удаагийн аварга Трэвис Келси нарын хурим Нью Йорк хотын Мэдисон Скюэр Гарденд болж өнгөрснийг Баасан гарагийн орой албан ёсны төлөөлөгч нь мэдээлжээ.
Энэ бол шоу бизнесийн ертөнцөд сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн том үйл явдлуудын нэг юм.
Хуримын ёслолыг инээдмийн жүжигчин Адам Сандлер хөтлөн явуулсныг дээрх мэдэгдэлд дурджээ. Сандлер нь гэрлэгч хоёрын дотнын найз юм байна.
Свифт, Келси нар хуримын бөгж солилцсоны дараа Манхэттэн дүүргийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах самбар дээр “JUST&T MARRIED” гэсэн бичиг гарсан нь олон сарын турш яригдсан хуримын тухай цуурхал үнэн байсныг эцэслэн баталсан юм.
Хуримын гэрчээр Свифтийн эрэгтэй дүү Остин Свифт, Келсигийн том ах Жэйсон Келси нар байлцсаныг мэдэгдэлд дурдсан байна.
Хос хоёрыг Christian Dior Haute Couture брэндийн загвар зохион бүтээгч Жонатан Андерсон хувцаслаж, гутлыг нь Christian Louboutin брэндийн уран гартнууд тусгайлан урласан гэнэ.
Свифт хуримынхаа ёслолд Cartier брэндийн үнэт эдлэлээр гоёжээ.
Свифт, Келси нарын харилцаа 2023 оноос эхэлж, тэр үеэс хойш хуримын тухай цуурхал шүтэн бишрэгчдийнх нь дунд тасралтгүй яригдаж байсан юм.
Хурим хэдийгээр өндөр нууцлалтай болж өнгөрсөн ч Мэдисон Скюэр Гардены гадна олон мянган хүн цуглараад байжээ.
Энэ үеэр Брэдли Күүпер, Зое Кравиц, Хью Грант, Этан Хоук зэрэг Холливүүдийн одод хар өнгийн автомашинаас ээлж дараалан бууцгааж байсан юм.
Хуримын зочдын дунд загвар өмсөгч Жижи Хадид, Карли Клосс, комедиан Крис Рок, найруулагч Стивен Спилбэрг, дуучин Камила Кабелло, зохиолч Жэнни Хан зэрэг урлаг соёлын алдартнууд байжээ.
Бас Келсигийн тоглодог Kansas City Chiefs багийн дасгалжуулагч Энди Рэйд болон бусад тамирчид, NFL лигийн супер од Том Брэди нар хуримд ирсэн байна.
Хуримын үйл явцын ямар ч зураг, мэдээлэл нийтэд ил болоогүй нь арга хэмжээ болох газарт гар утас хориглосонтой холбоотой гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
