Германы батлан хамгаалах зардлыг Трамп элэглэн шоолж, канцлер Мерц хариу тайлбар өглөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудынхаа батлан хамгаалах салбарын зардлыг өөрийнхтэйгөө харьцуулан шүүмжилсэн юм.

“АНУ-ын хувьд харилцан тэгш бус, зөвхөн нэг талыг барьсан энэ замаар цааш үргэлжлүүлэн хамтрах нь инээдтэй хэрэг” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн нь Европ дахь NATO-гийн холбоотнуудаа шүүмжилсэн хэрэг байв.

Дараа нь Трамп өөр нэг мэдэгдэлдээ Герман улсын 2014-2025 оны батлан хамгаалах салбарын зардлын өсөлт АНУ болон бусад холбоотнуудынхаас “хамаагүй бага” байсныг бичээд “Энэ бол инээдтэй хэрэг!” хэмээн шоолсон юм.

Тэгвэл Германы канцлер Фридрих Мерц өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын мэдэгдлийг няцаажээ.

“Герман улс батлан хамгаалах төсвөө дөрвөн жилийн дотор хоёр дахин өсгөсөн. Энэ бол манай улсын батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд гаргасан хамгийн том хүчин чармайлт юм. Үүнийг хэлэхэд бидэнд хэнээс ч ичих шаардлага байхгүй” гэж тэр хэлсэн байна.

Мерц цааш нь хэлэхдээ “Европын Холбооны хамгийн том гишүүн улсынхаа хувьд бид үүнийг хүлээх ёстой үүрэг хариуцлага гэж үзэж байгаагаа хамгийн даруу байдлаар илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн онд Гаага хотод болсон NATO-гийн дээд хэмжээний уулзалтаар 2035 он гэхэд гишүүн улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг цэрэг, зэвсэгт зарцуулахаар тохиролцсон нь өмнөх 2 хувийн зорилтоос өссөн юм.

Ирэх долоо хоногт тэд Анкара хотод уулзах бөгөөд энэ үеэр батлан хамгаалах салбарын зардал дахин хурцаар яригдах төлөвтэй байна.

“Бид ч бас Оросын аюул заналыг маш нухацтай авч үзэж байгаа бөгөөд энэ шалтгаанаар өөрийгөө зэвсэглэж байна. Бид Гаага хотод тогтоосон 3.5 хувийн жишигт 2029 онд буюу тохиролцсон хугацаанаас өмнө хүрэх болно” гэж Мерц мэдэгджээ.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Дани улсаас Гринланд арлыг булаан авах санаа илэрхийлж, Ираны эсрэг дайныг Европын холбоотнуудтайгаа зөвшилцөлгүй эхлүүлсэн зэрэг  NATO-гийн эв нэгдэлд харшилсан асуудлуудыг үүсгээд байгаа.

Үүнээс гадна тэр Ираны дайныг дэмжиж оролцоогүй холбоотнуудтайгаа муудалцсан.

Ираны эрх баригчид энэ дайны турш АНУ-ыг басамжлан доромжилж байгааг Мерц олон нийтийн өмнө шүүмжилсэн нь Трамптай харилцах түүний харилцааг улам дордуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters