АНУ-ын зүүн хагаст нүүрлэсэн агаарын хэт халалтын улмаас 250 жилийн ойн арга хэмжээнүүд тасалдав
Баасан гарагт АНУ-ын нутаг дэвсгэрийн зүүн хагаст агаарын температур аюултай түвшинд хүрч, халсны улмаас тусгаар тогтнолын 250 жилийн ойн олон арван арга хэмжээнүүд тасалдсан байна.
Эдгээрийн хамгийн том нь энэхүү түүхт ойн цөм арга хэмжээ болох Вашингтоны Үндэсний Худалдааны төвд нээгдсэн “Great American State Fair” үзэсгэлэн худалдаа байжээ.
Баасан гарагийн үдээс хойш агаарын температур Цельсийн 38 хэм хүрсэн тул үзэсгэлэн худалдааг түр хаасан байна. Зохион байгуулагчид нь сэрүүцүүлэгчтэй асар, чийгшүүлэгч станцуудыг байрлуулсныхаа дараа 17:00 цагт дахин нээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нутаг дэвсгэрийн зүүн хагасын дээр агаарыг халааж, чийгшлийг огцом нэмэгдүүлдэг “дулааны дээвэр” хэмээх цаг уурын үзэгдэл үүссэн юм.
Үүний улмаас тус улсын хүн амын талаас илүү хэсэг буюу 185 сая гаруй хүнд Баасан гарагийн байдлаар агаарын хэт халалтын сэрэмжлүүлэг үйлчилж байлаа.
Нутаг дэвсгэрийн зарим хэсэгт температур Цельсийн 46 хэм хүрэх төлөвтэй байна.
Долдугаар сарын 4-ний өдөр буюу энэ Бямба гарагт нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярын өдөр юм.
Эрх баригчид энэ амралтын өдрүүдэд гадаа зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцохдоо шингэн сайн ууж, сүүдэр бараадаж, биеийн эрүүл мэндээ хянаж байхыг иргэдэд зөвлөжээ.
Энэ амралтын өдрүүдэд америкчууд 1776 онд Их Британийн колоничлолоос гарсны түүхэн ойгоо баярын жагсаал, ёслолын буудлага, олон нийтийн зугаалга, үдэшлэг зэрэг арга хэмжээнүүдээр тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Гэвч үүнд нь цаг уурын ноцтой эрсдэл саад учруулж байна.
Тухайлбал Филадельфи хотод өчигдөр зохион байгуулагдах байсан баярын жагсаал хэт халалтын улмаас цуцлагджээ. Пүрэв гарагт тус хотод агаарын температур Цельсийн 39 хэм хүрсэн нь 1901 онд бүртгэгдсэн дээд үзүүлэлтийг эвдсэн юм.
Үүнтэй нэгэн адил Нью Жерси мужийн Хаддон хот жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулдаг уламжлалт баярын жагсаалаа цуцалсан бол Нью Йорк мужийн хойд хэсэгт оршдог Уотертаун хот тусгаар тогтнолын өдрийн концерт болон ёслолын буудлагын арга хэмжээгээ цуцалжээ.
Бостон хот жил бүр зохион байгуулдаг голын эргийн ёслолын буудлагынхаа цагийг дөрвөн цагаар хойшлуулж, үд дундаас 16:00 цагт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

