Ferrari үйлдвэрлэгчийн анхны цахилгаан загвар $40 саяын үнэ хүрч, шинэ автомашины үнийн дээд амжилтыг тогтоов
Италийн тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч Ferrari компанийн анхны цахилгаан хөдөлгүүрт загварыг хандивт зориулан дуудлага худалдаагаар зарахад $40 саяын үнэ хүрчээ.
Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан шинэ автомашины үнийн дээд амжилт бөгөөд үндсэн үнээсээ 35 дахин өндөр үнээр зарагдсан юм.
iPhone-ий загварыг боловсруулсан Их Британийн дизайнер Жони Айвын бүтээл болох Ferrari Luce загварыг үнэ хаялцуулан худалдах ажиллагааг АНУ-ын Калифорни мужийн RM Sotheby’s дуудлага худалдааны төв зохион байгуулсан байна.
Ferrari Luce загвар тавдугаар сард анх худалдаанд гарахдаа нэлээд шүүмжлүүлж байсан юм.
Тухайлбал уламжлалт загвараасаа гажиж, таван хүний суудалтай, батарейгаар ажилладаг болсон нь брэндийн өвөрмөц чанарыг алдагдуулсан хэмээн шүүмжилж байлаа.
Энэ удаагийн борлуулалтаас олсон бүх орлого Ferrari сангийн боловсролын хөтөлбөрт хандивлагдах юм байна.
Sotheby’s төв анхны загварыг хэн худалдаж авсан талаар мэдээллийг нууцалжээ.
Ferrari компани анхны цахилгаан хөдөлгүүртэй загварынхаа нээлтэд Италийн ерөнхийлөгч Сержо Маттарелла, Ромын пап Лео нарыг урьж байв.
Гэвч нээлтийн маргааш нь шүүмжлэлд булуулсан Ferrari компанийн хувьцааны ханш унаж байжээ.
Шүүмжлэгчдийн дунд Италийн засгийн газрын шадар сайд Маттео Сальвини, Ferrari компанийн ерөнхийлөгч асан Лука Кордеро ди Монтецемоло зэрэг олны танил хүмүүс байв.
Гэхдээ Ferrari брэндийн дизайн хариуцсан захирал Флавио Манзони тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүмүүсийн шүүмжлэлийг инновацын үйл явцын нэг хэсэг тул санаа зовох шаардлагагүй, Luce загвар цаашдаа хүмүүст таалагдах болно гэдэг итгэлтэй байгаагаа хэлсэн юм.
Тус компани Luce загварынхаа борлуулалтын тоо баримтыг зарлаагүй байгаа ч Хятадын зах зээлийн өндөр эрэлтийн ачаар энэ оны төлөвлөгөө нь биелснийг Financial Times мэдээлжээ.
Ер нь Ferrari брэндийн автомашинууд дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоодог.
Өмнө нь 2025 онд тусгай захиалгаар үйлдвэрлэгдсэн Ferrari Daytone SP3 супер загварыг мөн боловсролын хөтөлбөрийн хандивт зориулан дуудлагаар худалдахад $26 саяар зарагдаж, тухайн үеийнхээ дээд амжилтыг тогтоож байжээ.
Хуучин автомашиныг оролцуулан тооцвол хамгийн өндөр үнээр зарагдсан автомашин нь 2022 онд $142 саяар зарагдсан 1955 оны маш ховор загвар болох Mercedes-Benz 300 SLR Uhlenhault Coupe юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

