Украины дайныг эсэргүүцэгч улс төрчид Оросын шүүх 11 жилийн хорих ял оноожээ
Даваа гарагт Оросын шүүх Украины дайныг эсэргүүцэгч сөрөг хүчний улс төрчид 11 жил, нэг сарын хорих ял оноожээ.
Яблоко намын дэд дарга, 63 настай Лев Шлосберг 2016-2021 онуудад Псков мужийн хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллаж байсан хүн юм.
Нийслэл Москвагаас баруун хойд зүгт 600 км зайд оршдог Псков хотын шүүх түүнийг Оросын зэвсэгт хүчний “нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан” хэрэгт буруутгажээ.
Даваа гарагт бас Оросын дээд шүүх ирэх сард болох парламентын сонгуулийн өрсөлдөөнөөс Яблоко намыг хасах өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, тус намын давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Одоогоор Яблоко нь Украинд явуулж буй Кремлийн дайныг эсэргүүцдэг албан ёсны бүртгэлтэй Оросын цорын ганц улс төрийн хүчин юм.
Шлосбергийг дайныг зогсоохыг уриалсан хэлэлцүүлэг олон нийтийн дунд зохион байгуулсан, Британийн сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэн Украины дайныг шүүмжилсэн утгатай зургийг өөрийн Телеграм сувагт нийтэлсэн гэх үндэслэлээр яллажээ.
Шлосбер дээрх буруутгалуудыг үндэслэлгүй хэмээн няцааж байсан юм.
Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа шүүгдэж байна. Өмнө нь тэр “гадаадын агентын тухай хууль” зөрчсөн шалтгаанаар шийтгүүлж байжээ.
Баасан гарагт шүүхэд өгсөн сүүлчийн мэдүүлэгтээ Шлосберг сүүлийн 30 жилийн хугацаанд Орос улс “эрх чөлөөний итгэл найдвараас эхлээд хүний болон иргэний эрх, эрх чөлөөг бараг бүрэн устгах хүртэл замыг туулсан”-ыг хэлсэн юм.
Тэрбээр Украины дайн “Оросын иргэн бүрийн амьдралыг өөрчилсөн”, “дайны хохирлын жинхэнэ тоог сонсвол улс орон бүхэлдээ чичрэх болно” гэх зэргээр анхааруулжээ.
Яблоко нам Шлосбергийг “Эх орноо хайрлаж, дайныг галыг зогсоохыг уриалсныхаа төлөө харгис шийтгэл хүлээсэн” гэж мэдэгдээд шүүхийн шийдвэрийг давж заалдахаа амласан байна.
Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллага Шлосбергийн шийтгэлийг буруушаасан мэдэгдэл гаргажээ.
“Түүнийг дур зоргоороо ялласан нь энх тайвныг уриалж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө илт өшөө авсан үйлдэл юм. Оросын эрх баригчид Лев Шлосбергийг нэн даруй, болзолгүйгээр суллаж, түүнд оноосон ялыг хүчингүй болгох ёстой” гэж тус байгууллагын Зүүн Европ, Төв Азийн бүсийн захирал Мари Струтерс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

