“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг нэг удаа шалгаруулаад орхих бус, бусдад хөшүүрэг болох, алдаршуулах үүднээс хүндэтгэлийн хөшөө, цогцолбор барихад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын зүгээс “Улсын эдийн засаг, ажлын байр, татвар, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь чухал. Тиймээс “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байгаа"-гаа илэрхийлжээ.

Ирэх есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэн яармаг болно. Энэ жил Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хооронд хамтын ажиллагаа тогтоосны 19 дэх удаагийн чуулга уулзалтыг нэгтгэн хийх төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран илүү хөрөнгө оруулалтын агуулгатай, хотын төслүүдийн танилцуулгатай, дотоодын болон гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой бөгөөд олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс