ТАНИЛЦ: Монгол Улсын 2025 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүд

ikon.mn
1 цаг 10 минутын өмнө
ikon.mn

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа. ААН-үүдийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн шалгаруулдаг:

  •  Борлуулалтын орлого
  •  Төлсөн татварын дүн      
  •  Даатгуулагчийн тоо
  •  Ашгийн хэмжээ
  •  Хөрөнгийн хэмжээ

2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг "Оюу Толгой ХХК" тэргүүллээ. Ингэснээр тус компани дөрөв дэх жилдээ дараалан жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Энэ жилийн шалгаруулалтаар "Оюу Толгой ХХК" ашгийн үзүүлэлтээр мөн нэгдүгээр байрт шалгарсан нь онцлог байв. Харин өмнөх буюу 2022-2024 оны ТОП-100 жагсаалтад тус компани ашгийн үзүүлэлтээр 100 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм.

2025 онд Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүд нийт 65.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 8.04 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 7.76 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн эдгээр байгууллагууд нийт 29.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ба 84.7 мянган хүн ажиллаж байна гэж мэдээллээ. 

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим


Доорх хүснэгтийн КОМПАНИ дээр дарж ААН-үүдийг үсгийн дарааллаар харах,
ӨӨРЧЛӨЛТ дээр дарж хамгийн олон байраар урагшилсан/ухарсан ААН-үүдийг харах боломжтой. 

Энэ жил 43 ААН-ийн үзүүлэлт урагшилсан бол, 33 компанийн үзүүлэлт өмнөх оноосоо буурчээ. Харин 18 компани энэ удаа ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна. 2025 оны ТОП-100 ААН жагсаалтад Алтангадас Трейд ХХК +21, Таван Богд Фүүдс Пицца ХХК +18, Хан алтай ресурс ХХК +17, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК +17 байраар тус тус урагшилжээ.

Монгол Улсын 2025 оны ТОП 100 ААН

Нийт ААН-ийн 86 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол 14 нь хувьцаат компани (ХК) байна. 

Үзүүлэлт тус бүрд тэргүүлсэн 10 ААН

Уг жагсаалтад багтсан компаниудыг толгой компаниар нь авч үзвэл:

  • М СИ ЭС групп - 11
  • Монголын Алт (МАК) - 4
  • Шунхлай групп - 9
  • Таван Богд групп - 6
  • Макс групп - 3
  • Петровис ойл ХХК - 2
  • Номин Холдинг ХХК - 3
  • Бодь Интернэшнл ХХК - 2

Аж ахуйн нэгжийн байршлаар нь авч үзвэл:

  • Улаанбаатар-67
  • Өмнөговь-19
  • Сэлэнгэ-3
  • Дорноговь-2
  • Төв-2
  • Говь-Алтай-1
  • Дархан-Уул-1
  • Дорнод-1
  • Орхон-1
  • Сүхбаатар-1
  • Ховд-1

TOP-100 ААН-үүдийг салбараар нь авч үзвэл

График #1: ААН-үүдийг салбараар нь бүлэглэн үзүүлэлт тус бүр дахь жинг харуулав. (графикт хасах дүнтэй утгыг 0 гэж тооцон харуулсан болно)

2025 оны хувьд уул, уурхайн компаниуд ТОП-100 компанийн жагсаалтад нийт тоогоор хоёрдугаарт орж байгаа ч  борлуулалт, татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгө гэсэн бүх үзүүлэлтээр тэргүүлсэн онцгой жил боллоо. 2024 онд ашгийн бараг 50% эзэлж байсан санхүү, даатгалын салбар 2025 онд 27.7% болж буурсан байна. Харин худалдааны салбар борлуулалт, татвар, ажиллагсдын тоогоор 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байлаа. 

Гол МАКРО үзүүлэлтүүд

Өнгөрсөн онд Монгол улсын ДНБ 89.9 их наяд төгрөг, нийт татварын орлого 27.1 их наяд төгрөг ба нийт ажил эрхлэгчдийн тоо 1.4 сая хүн байсан гэж үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байна. 

Үзүүлэлтүүд 2021 2022 2023 2024 2025
ДНБ (оны үнээр, их наяд.төг) 43.0 52.9 68.9 80 89.9
ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) 35.4 38.4 50.4 54.9 65.7
ДНБ-д эзлэх хувь, % 82% 74% 73% 69% 73%
Нийт татварын орлого (их наяд.төг) 11.3 15.6 21.5 27.4 27.1
ТОП100 татвар (их наяд.төг) 5.1 4.3 6.29 7.64 8.04
Нийт татварын орлогод эзлэх хувь, % 45% 28% 29% 28% 30%
Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) 1,127 1,158 1,197 1,356 1,387
ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) 99.0 71.2 83.7 87.5 84.7
Нийт ажиллагчдын тоонд эзлэх хувь, % 8.8% 6.2% 7% 6.5% 6.1%

2025 оны байдлаар ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оныхоос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өссөн байна. Үүний үр дүнд ДНБ-д эзлэх хувь нь 69 хувиас 73 хувь болж 4 нэгж хувиар нэмэгджээ.

ТОП-100 аж ахуйн нэгжийн төвлөрүүлсэн татварын хэмжээ 8.04 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.2 хувиар өссөн байна. Мөн нийт татварын орлогод эзлэх хувь нь 28 хувиас 30 хувь болж өссөн нь эдгээр аж ахуйн нэгжийн төсөвт оруулах хувь нэмэр нэмэгдсэнийг харуулж байна.

Харин ТОП-100 аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо 84.7 мянга болж, 2024 оныхоос 2.8 мянган хүнээр буурсан байна. Үүний улмаас нийт ажиллагчдын тоонд эзлэх хувь 6.5 хувиас 6.1 хувь болж буурчээ.

Ерөнхийд нь дүгнэвэл, 2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн борлуулалт болон татварын орлого өссөн хэдий ч ажиллагчдын тоо болон хөдөлмөр эрхлэлтийн эзлэх жин бага зэрэг буурсан байна.

Монгол Улсын 2025 оны ТОП-100 ААН

(байр, лого)

зураг