Украины батлан хамгаалах яам зургаадугаар сард Оросын нутаг дэвсгэрт явуулсан цохилтынхоо үр дүнг танилцуулав
Украины эрх баригчид эзлэн түрэмгийлэх дайныг зогсоохын тулд Оросын нутаг дэвсгэрийн гүнд хохирол учруулах агаарын цохилтуудаа сүүлийн саруудад эрчимжүүлээд байгаа.
Тэгвэл өчигдөр тус улсын батлан хамгаалах яам зургаадугаар сард явуулсан ажиллагааныхаа тайланг танилцуулжээ.
Өнгөрсөн сард тус улсын зэвсэгт хүчин Оросын эрчим хүч, батлан хамгаалах салбарын дэд бүтцүүдэд цохилтоо чиглүүлсэн нь эзлэгдсэн Крымийн хойгоос эхлээд баруун Сибир хүртэл нутаг дэвсгэрийг хамарсан байна.
Хамгийн хол тусгалын зай нь Украины хилээс 2,000 км хүрчээ.
Ажиллагааны хүрээнд өнгөрсөн сард Оросын 11 газрын тос боловсруулах үйлдвэр, 8 батлан хамгаалах салбарын үйлдвэрт цохилт өгсөн байна.
Эдгээрийг жагсаавал
- Тюмень муж дахь жилийн 7.5-9 сая тоннын хүчин чадалтай Тюмений газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 2,000 км
- Москва хотын бензиний 40 хувь, дизель түлшний 50 хувийг хангадаг Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 500 км
- Башкортостаны нийслэл Уфа хотод оршдог Башнефть-Уфанефтехим, Башнефть-Новойл газрын тосны үйлдвэрүүд. Тусгалын зай 1,500 км
- Оренбург мужийн Оренбург байгалийн хий боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 1,200 км
- Татарстаны Нижнекамск хотын жилийн 16 сая тоннын хүчин чадалтай ТАНЕКО, ТАИФ-НК газрын тос боловсруулах үйлдвэрүүд. Тусгалын зай 1,200 км.
- Самара мужийн жилийн 3.7 сая тонны хүчин чадалтай Куйбышевийн газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 900 км
- Ярославль мужийн жилийн 15 сая тонны хүчин чадалтай Славнефть-ЯНОС газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 800 км
- Краснодар мужийн нийтдээ 12 гаруй сая тонны хүчин чадалтай Ильский, Афипский, Славянскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд. Тусгалын зай 300-400 км
Эдгээрээс гадна Воронеж дахь ВЗПП-Микрон, Чебоксари дахь ВНИИР-Прогресс, Волгоград дахь Титан-Баррикады зэрэг батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд, Москвагийн Дубна Сансрын Холбооны Төв, Владимир дахь Сансрын Холбооны Төв зэрэг харилцаа холбооны байгууламжуудад цохилт өгснөө мэдээлжээ.
Тавдугаар сард явуулсан ажиллагаа нь Оросын нутаг дэвсгэр дэх 18 газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний дэд бүтцүүдийг бүрэн болон хэсэгчлэн ажиллагаагүй болгосныг Украины батлан хамгаалах яам бас мэдээлсэн байна.
Эх сурвалж: mod.ua.gov
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

