Санкт Петербургийн газрын тосны терминал Украины агаарын цохилтод өртжээ

Т.Давааням, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын хоёр дахь том хот Санкт Петербургийн газрын тосны терминалд агаарын цохилт өгснөө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр орой мэдээлжээ.

Тэрбээр үүнийг “Оросын дайныг санхүүжүүлдэг гол дэд бүтэц” гэж тодорхойлсон байна.

Терминалаас гадна тухайн бүс нутагт оршдог Оросын тэнгисийн цэргийн томоохон бааз бас нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ.

Санкт Петербург хотын захирагч Александр Беглов хотод нь нисгэгчгүй онгоцны “томоохон” дайралт явагдсаныг мэдээлэхдээ газрын тосны терминал цохилтод өртсөнийг хүлээн зөвшөөрсөн байна.

Цохилтын улмаас хүний амь нас эрстээгүйг тэр баталжээ.

Бямба гарагийн өглөө эрт явуулсан ажиллагаа нь Украины хилээс 850 км орчим зайд оршдог байнуудад туссан юм байна.

Ямар хэмжээний хохирол учруулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Зеленский мэдэгдэлдээ газрын тосны терминалаас асар их хар утаа гарч байгааг харуулсан дүрс бичлэгийг хавсаргажээ.

Украины зэвсэгт хүчнийхэн уг терминалыг жилдээ 12.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн гаргадаг Оросын хамгийн том терминалуудын нэг гэж тодорхойлсон байна.

Энэ үеэр бас Кронштадт дахь Оросын Балтийн тэнгисийн флотын гол бааз цохилтод өртжээ.

Оросын эрх баригчид одоогоор Санкт Петербургт учирсан хохирлын талаар ам нээгээгүй байна.

Бегловын мэдээлснээр Санкт Петербург хот болон Ленинград муж даяар Украины нийтдээ 72 нисгэгчгүй онгоцыг унагасан гэнэ.

Тэрбээр хотын оршин суугчдад дроны аюул өнгөртөл гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, гар утасны интернэт үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулжээ.

Санкт Петербург хотод таван сая орчим хүн оршин суудаг юм.

Сүүлийн саруудад Украины тал Оросын газрын тосны үйлдвэрүүд, дэд бүтцэд чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлсний үр дүнд газрын тос боловсруулах нийт хүчин чадлынх нь 43 хувийг идэвхгүй болгосон гэж мэдээлж байгаа.

Үүний улмаас Орос даяар бензин шатахууны ноцтой хомсдол үүссэн юм.

Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотоодын түлш шатахууны зах зээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Тэрбээр долоо хоногийн өмнө Украины агаарын цохилтууд Оросын газрын тосны үйлдвэрлэлд хямрал үүсгэснийг анх удаа хүлээн зөвшөөрч байв.

 

Эх сурвалж: BBC