"Монгол Улс АНУ-ын Визийн бонд хөтөлбөрт орсон асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байна"
Монгол Улсын иргэд Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-д зорчих В1/В2 ангиллын виз авах шаардлага хангаж буй бол 10,000 ам.доллар заавал байршуулах Визийн бонд хөтөлбөр дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлнэ.
Энэ талаарх шийдвэрийг АНУ-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас энэ сарын 19-нд албан ёсоор танилцуулсан юм.
Уг шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад Харилцааны Яам хэрхэн ажиллаж байгаа талаар тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш орон. Хоёр талын улс төр, эдийн засаг, бизнес, цаашлаад батлан хамгаалахын салбар хоорондын харилцаа сүүлийн 30 жил өндөр түвшинд тогтмол хөгжиж байгаа. Шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсаас тодруулга, санал санаачилга хэрэгжүүлж байна.
Америкийн талаас энэхүү шийдвэр нь хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг хоёр талт харилцаатай холбоогүй. Харин АНУ-ын одоогийн засаг захиргаа нь цагаачлалын асуудлаар өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай байгаа. Зарим улс орны иргэд тус улсад визийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гардгийг хязгаарлах, цагаачлалын урсгалыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй буюу дотоод бодлогын шинжтэй арга хэмжээ гэж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
