Нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр суурилуулсан 1,000 орчим гэрлийн шонг сугалж авсныг мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1,000 шонг шилжүүлжээ. 

Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Эдгээр байгууллагын 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр гэрэлтүүлгийн 1,650 шон байршуулсан байсныг тогтоосон.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлж эхэлсэн юм. Ингэхдээ түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхисон бөгөөд урин дулаан эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм” гэж мэдээллээ.

“Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн цахилгааны техникч А.Амартүвшин “Манай байгууллагын хувьд Баянгол дүүргийн хэмжээнд гэр хороолол болон төв зам дагуух явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр байршуулсан гэрэлтүүлгийн 227 шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлсөн” гэв.

Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор хоёр хоног зарцуулдаг байна.

Түүнчлэн 50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон суурилуулсан тохиолдол ч гарчээ.