Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.
Өнөөдрийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Б.Энхтуяа нарын бүрэлдүүнтэйгээр хуралдаж, мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбат болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн гэх маргааны хянан хэлэлцэж, дүгнэлт гаргав.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР:
Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дэх хэсэг, 66.2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргах нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны "4 жил" гэсэн нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн байна.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 4 жил байна.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасныг 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д даалгасугай.
4. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг уншиж сонсголоо. Ийнхүү уншиж сонсгосноос хойш ажлын 15 өдрийн дотор энэхүү дүгнэлтийн үндэслэл хэсгийг эцэслэн боловсруулж ёсчлохыг дурдах нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

