АНУ, Ираны талууд харилцан нэг нэгэндээ довтолсноор гал зогсоох тохиролцоо цуцлагдах эрсдэл нүүрлэв

Т.Давааням, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Ираны талаас байлдааны хөлөг онгоцнууд руу нь довтолсны дараа тус улсын цэргийн байгууламжуудад хариу довтолсноо АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлжээ.

“АНУ-ын төв тойргийн командлал (CENTCOM) ирж буй аюулыг арилгаж, манай зэвсэгт хүчинд халдсан Ираны цэргийн байгууламжууд, тэр дундаа пуужин, дрон харвах цэгүүд, удирдлага, хяналт, тагнуул, ажиглалтын байрлалуудад цохилт өглөө” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мэдэгдэлд бас АНУ-ын тэнгисийн флотын Truxtun, Peralta, Mason гурван байлдааны хөлөг Ормузын хоолойгоор нэвтэрч, Оманы булан руу зорчих үеэр Ираны талаас пуужин, дрон, жижиг завиар довтолсныг дурджээ.

Уг цохилтыг бүрэн няцааж, АНУ-ын хөлгүүдэд хохирол учраагүйг баталсан байна.

“CENTCOM байдлыг хурцатгах хүсэлгүй ч Америкийн зэвсэгт хүчнийг хамгаалахад үргэлж бэлэн байна” гэж уг мэдэгдэлд анхааруулжээ.

Өмнө нь Ираны армийн төв штаб өөрийнх нь газрын тос тээвэрлэгч хөлөг болон Ормузын хоолойд орж ирсэн өөр нэг хөлөг рүү АНУ-ын талаас довтолж, гал зогсоох тохиролцоогоо зөрчсөнийг мэдэгдэж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сошиал хуудсандаа болсон үйл явдлын талаар “Дэлхийн түвшний Америкийн гурван байлдааны хөлөг дөнгөж сая дайсны гал дор Ормузын хоолойгоор маш амжилттай нэвтэрлээ. Гурван хөлөгт ямар ч хохирол учраагүй бол Ираны довтлогчдод маш их хохирол учирсан” гэж бичжээ.

Дараа нь тэр хэдийгээр шинэ мөргөлдөөн гарсан ч гал зогсоох тохиролцоо хүчинтэй хэвээр байгааг ABC News ярихдаа баталсан байна.

Ираны төв телевиз өчигдөр Тегеран хотын баруун хэсэг хүчтэй дэлбэрэлт болсныг мэдээлжээ. Мөн Иран улсын өмнөд бүсийн Бандар Аббас хотын ойролцоо дэлбэрэлтүүд болсныг өөр нэг эх сурвалж мэдээлсэн ч юунаас болсныг дурдаагүй байна.

Гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш АНУ, Ираны талууд харилцан нэг нэгэндээ довтолсон анхны тохиолдол энэ биш юм.

Үүнээс өмнө Даваа гарагт Ормузын хоолойгоор ачааны хөлөг нэвтрүүлэх оролдлогын үеэр Ираны талаас АНУ-ын байлдааны хөлгүүд рүү довтолсон зургаан жижиг завийг устгаснаа Пентагон мэдэгдэж байлаа.

АНУ-ын засаг захиргаа одоо өөрийн илгээсэн энхийн гэрээний саналын хариуг Ираны эрх баригчдаас хүлээж байгаа.

Хэрвээ талууд уг гэрээг байгуулж чадвал дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зарласан гал зогсоох тохиролцоогоор түр завсарлаад буй дайн бүрмөсөн дуусах юм.

 

Эх сурвалж: Reuters