Ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг Оросын холбоотнуудад Зеленский анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Маргааш Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг Оросын холбоотнуудад Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр анхааруулжээ.

Оросын эрх баригчид энэ үйл явдлыг тохиолдуулан тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд нэг талын гал зогсоох санаачилга гаргаад байгаа. Гэхдээ Украины талаас энэ хугацаанд халдлага үйлдвэл хариу цохилт өгөх тул Киев хотоос гарч явахыг Украины иргэдэд анхааруулсан юм.

“Оростой ойр холбоотой улсуудын төлөөлөгчид Москвад зочлох гэж байгаа талаар бид мэдээлэл авсан. Цаг үедээ тохироогүй хачин шийдвэр. Бид ингэхгүй байхыг зөвлөж байна” гэж Зеленский ээлжит мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.

“Тэд Украинаас жагсаалаа зохион байгуулах зөвшөөрөл хүсэж байна. Гэхдээ тэд нэг цагийн турш талбай дээрээ аюулгүй жагссаны дараа аллагаа үргэлжлүүлэх болно” гэж Зеленский дайсныхаа түр гал зогсоох санаачилгыг шүүмжилсэн байна.

Түүний мэдэгдлийн өмнө ОХУ-ын батлан хамгаалах яам Киевийн оршин суугчид болон гадаадын дипломат төлөөлөгчдөд ялалтын баярын үеэр хотоос гарч явахыг зөвлөсөн юм.

Үүнийгээ гал зогсоох санаачилгыг Украины тал зөрчвөл Киев хотод хариу довтлохоор төлөвлөсөнтэй холбон тайлбарласан байна.

“Бид Киевийн энгийн иргэд болон гадаадын дипломат төлөөлөгчдөд хотоос цаг тухайд нь гарах шаардлагатайг сануулж байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Их Британийн гадаад хэргийн яам уг мэдэгдлийг “үндэслэлгүй, хариуцлагагүй, баталгаагүй” гэж шүүмжлээд дипломат төлөөлөгчийн газарт нь халдах аливаа үйлдэл дайныг улам хурцатгахыг Москвад анхааруулсан байна.

Германы гадаад хэргийн сайд Йоханн Вадефул элчин сайдын яамны ажилтнуудаа Киевээс гаргахгүйг мэдэгджээ.

Зеленский энэ амралтын өдрүүдэд Киевт байхыг нэрээ нууцалсан Украины албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Гал зогсоох үеэр Оросын тал “фронтын шугам дагуу бүх байлдааны ажиллагаагаа түр зогсоож, цэргийн дэд бүтцүүдийг чиглэсэн агаарын алсын цохилтуудаа завсарлана. Хэрвээ Украины тал энэ жишгийг дагахгүй бол Москва мөн адил хариу үйлдэл үзүүлнэ” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.

Орос улс жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд цэргийн томоохон жагсаал зохион байгуулдаг уламжлалтай.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг арга хэмжээг 26 жилийн засаглалынхаа гол үзэл суртал, Украинд эхлүүлсэн дайнаа зөвтгөх шалтаг болгон ашигладаг.

Сүүлийн саруудад Украины алсын цохилтын зай нэмэгдэж, Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд ноцтой хохирол учруулах болсон.

Үүнтэй холбоотойгоор Оросын эрх баригчид энэ жилийн ялалтын баярын жагсаалынхаа цар хүрээг хумьж, цэргийн зэвсэг техник оролцуулахгүй байхаар болсон.

Арга хэмжээнд оролцох гадаадын зочид төлөөлөгчдийн тоо ч буурсан байна. Кремлийн мэдээлснээр Беларусь, Малайз, Лаосын удирдагчид, Оросын тусламжтай Гүржээс салан тусгаарласан НҮБ-ын хүлээн зөвшөөрөөгүй хоёр бүс нутгийн удирдагчид энэ удаагийн арга хэмжээнд оролцох төлөвтэй байгаа аж.

Москва хотод бас аюулгүй байдлыг хангах үүднээс Бямба гарагийг дуустал интернэтийн сүлжээг хаахаар болсон байна.

 

Эх сурвалж: AFP