"Чингис хаан" нисэх буудалд сүү өргөх зориулалтын цэг шинээр байгууллаа
Монголчууд хол газарт явж буй хүнийхээ замыг тэгшитгэн цагаатгах бэлгэдлээр сүү өргөдөг уламжлалтай.
Гэвч нисэх буудлын орчимд зориулалтын бус газарт сүү өргөх нь шувуу, амьтдыг татан төвлөрүүлж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлснээр нислэгийн аюулгүй байдал сөрөг нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Сүү өргөх зориулалтын цэгийг шинээр байгуулжээ. Тухайн цэг нь авто зогсоолын зүүн талд, автобусны буудлын эсрэг талын явган хүний зам дагуу байрлана.
Иргэд та бүхнийг хайртай дотнын хүмүүсээ үдэн гаргахдаа сүүгээ зөвхөн зориулалтын цэгт өргөхийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
