Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

Н.Эрхбаяр, iKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 

Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан онцлох есөн шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Тэрбээр "Энэ төсвийн тоо мөр бүрийн ард нэг л амин чухал утга агуулга байгаа. Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх үндсэн зорилготой юм.

Энэ бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөгийг танаж иргэндээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн шууд үргэлжлэл. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч айл өрх ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр юм.

1. Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчрах болно.

Монголчууд ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд шийдвэрлэхээр төлөвлөлөө.

Оюутолгойн ногдол ашгаар хаана юу хийхийг имонголиа-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол таны мөнгө таны мөнгө учраас та сонгох болно.

2. Эрдэнэс Тавантолгойн 1,072 ширхэг хувьцаа үнэгүй цаас биш.

Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж нээлттэй болгоно.

Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно. Шинэ технологи бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагч нарт санал болгож 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах болно.

Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зарцуулна Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломжийг олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын ачаа дарамт хөнгөрөхийн хэрээр ажлын байраа хадгалах, өргөжин тэлэх, өсөн томрох, шинийг эхлүүлнэ.

3. Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй.

Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн хоёр тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААНОАТ-ын нэг хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50-400 сая төгрөг болно.

23 мянган компани ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй 25% төлдөг байсан татварыг 15%-ийн татварын шинэ шатлалтай болгож 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулах болно.

4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно.

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрөө арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр буюу суурь тэтгэврийг олгоно.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуус НДШ төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50%-аар, эмч нарын цалинг 30%-аар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 20%-аар нэмж адил тэгш хандах болно.

Соёл спорт, ХАА, цаг уур байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50% нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ.

5. 16 мянган өрх орон сууцтай болно.

14 мянган айл ипотекийн 6%-ийн зээлээр хоёр мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа дөрвөн мянган орон сууцны урьдчилгаа төлбөр 30% биш 15% болж босго нь хоёр дахин намсана.

6. Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын дэргэд 300 мвт-ын хүчин чадалтай Дулааны зургаадугаар цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан дулааны гуравдугаар цахилгаан станц, 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.

7. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна.

Нэг нь 300 ортой 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч гүүглийн компьютероо авах болно. 100 сургууль гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль болгоно.

8. Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна.

Гадаад зээл тусламжаар улс орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.

9. Ирэх онд 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна.

Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд дахин 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна.

150 км тутамд нэг ногоон өртөө зам дагуу босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй" гэв.