Ж.Лхагвасан: “Foodex Mongolia 2026” үзэсгэлэн нь Монголын брэндүүдийг дэлхийтэй холбох нэг том гүүр болж чадна
Дэлхийн улс орнуудын төдийгүй Монгол Улсын худалдаа, эдийн засгийн өргөжиж буй энэ үед хүнсний салбарт шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх, худалдааны урсгалыг дэмжих зорилготой олон улсын арга хэмжээнүүд олноор зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, импорт, экспортын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах “Foodex Mongolia 2026” олон улсын үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 04–06-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэнгийн АЛТАН ивээн тэтгэгч Зиппи/Zippy брэндийг үүсгэн байгуулагч “Ачит хөх сувд” ХХК-ийн Стратегийн зөвлөх Ж.Лхагвасантай ярилцлаа.
- Юуны өмнө Ачит хөх сувд ХХК-ийг манай уншигчдад танилцуулна уу. Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Юуны түрүүнд IKON сэтгүүлийн уншигч олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлэн мэндчилж байна. Зиппи брэндийг ярихаас өмнө Ачит хөх сувд ХХК-аа танилцуулах нь зүйтэй болов уу. Манай компани хүнсний үйлдвэрлэл, дистрибьюшн, худалдаа, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэхэн, залуу, халуун эрч хүчтэй компани байгаа юм.
Монгол Улсад хүнс болон хүнсний дагалдах, нэмэлт бүтээгдэхүүний чанар, стандарт, үнэ ханш, сонголт зэрэгт өндөр анхаарал тавьж, худалдан авагчдад таатай нөхцөл бүрдүүлэхээр хичээнгүйлэн, судалгаатайгаар ажиллаж байна.
- Ачит хөх сувд ХХК-ийн анхны брэнд болох Зиппи брэндийг бий болгох санаа хэрхэн төрсөн бэ? Яагаад заавал чипсний бүтээгдэхүүн сонгох болсон бэ?
- Ачит хөх сувд ХХК-ийн хамгийн анхны брэнд болох Зиппи брэндээ танилцуулж байгаа нь миний хувьд баяртай, бас бахдам нэр төрийн хэрэг мэт санагдаж байна.
Учир нь олон хүмүүс гайхаж, бас эргэлзэж байсныг нуухгүй байсан нь дээр биз. “Яагаад ийм хортой бүтээгдэхүүн вэ?”, “Яагаад ийм хэрэггүй зүйл вэ?” гэж асууж байсан. Яг үнэн хэрэгтээ би ч, бид ч, бидний тэр тусмаа үр хүүхдүүд, залуучуудын хамгийн ихээр худалдан авдаг, аялал зугаалгын салшгүй нэг хэсэг болсон, анд найзуудын уулзалтын ширээний гол бүтээгдэхүүн, хүүхдүүдийн амтархан иддэг зүйл бол ЧИПС байдаг.
Гэтэл алтан дэлхийнхээ хөрсөнд тарьж ургуулсан тэрхүү төмсийг яг л стандартын дагуу цэвэрлэж, хэрчиж, хамгийн энгийн, байгалийн аргаар шарж боловсруулсан, хадгалалтын нэмэлт бодисгүй чипсийг хайгаад олоход бэрх.
Шулуухан хэлэхэд, хүүхэд маань идэж болох эрүүл, найрлага нь энгийн, чанартай чипс бидэнд хэрэгтэй байсан юм. Бид тэдний хэрэглээг хорьж болох ч хүслийг нь хязгаарлаж болохгүй. Учир нь чипс бол аль хэдийн бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон бүтээгдэхүүн.
Тиймээс хэрэглэгчдэдээ илүү зөв сонголт өгөхийн тулд энэхүү брэндээ асар их судалж, үйлдвэрлүүлэн Монголдоо байршуулахаар болсон юм.
- Чипсийг олон хүн эрүүл мэндийн хувьд болгоомжилж хэрэглэдэг. Тэгвэл Зиппи брэнд бусад чипснээс юугаараа ялгаатай вэ?
- Зиппи брэндийн хувьд бид хамгийн түрүүнд чанар, стандарт, найрлага, хэрэглэгчийн сонголт гэсэн зүйлсийг чухалчилж байгаа. Бидний зорилго бол хэрэглэгчийн хүсэлд нийцсэн, хүүхэд залуусын өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг илүү чанартай, илүү хариуцлагатай байдлаар хүргэх юм.
- Монголд зохион байгуулагддаг хүнсний салбарын үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?
- Мэдээж бизнес эрхлэгчид бүгд мэдэх биз. Тэд бүгд мөрдөгч, хайгуулч, аялагчид байдаг.
Дэлхийн хаана ямар үзэсгэлэн, шинэ үйлдвэр, брэнд танилцуулагдаж байна гээд тэндээс судалдаг, туршдаг, шинэ санаагаа олж авдаг, шинэхэн брэндүүдтэй ч танилцдаг. Гэтэл Монгол Улсад маань хүнсний маш том, олон улсын стандарттай үзэсгэлэн болж байгааг Монголын зарим иргэд маань ч анзаарахгүй байна.
Харин бидний хувьд хүнсний салбарын номер нэг үзэсгэлэнд чипсний бүтээгдэхүүнээ дараагийн түвшинд авчирч байгаагийн хувьд, бүтээгдэхүүндээ итгэлтэй, нүүр бардам АЛТАН ивээн тэтгэгчээр энэ жил оролцож байна.
Foodex Mongolia 2026 байна уу, 2025 байна уу гэдгээс илүүтэйгээр бидний хувьд Монголд ийм хэмжээний хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн тогтмол зохион байгуулагдаж байгаа нь өөрөө дэлхийд зөвшөөрөгдөхүйц амжилт гэж харж байна.
Бизнес сэтгэлгээтэй, брэнд болон бүтээгдэхүүндээ хайртай хэн бүхний хамгийн түрүүнд төлөвлөгөөндөө оруулж, оролцож байх чухал арга хэмжээ гэж хэлнэ. Энэхүү экспогоор дамжуулан Монгол брэндийг дэлхийд борлуулах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
- Танай компани энэ жил Foodex Mongolia 2026-д АЛТАН ивээн тэтгэгчээр оролцож байна. Энэхүү оролцооноос ямар үр дүн, боломжийг хүлээж байна вэ?
- Бидний хувьд Foodex Mongolia 2026 бол зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах талбар биш.
Энд бид хэрэглэгчидтэйгээ шууд уулзах, бүтээгдэхүүнийхээ талаар санал бодлыг нь сонсох, бусад үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, худалдаа эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх чухал талбар гэж харж байгаа.
- Үзэсгэлэнгийн үр дүнг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болон хэрэглэгчийн өнцгөөс харвал ямар ач холбогдолтой вэ?
Үзэсгэлэнгийн үр дүнг хоёр үгээр тайлбарлавал:
Нэгдүгээрт, хүнсний салбарын үйлдвэрлэгчид, экспортлогчид, импортлогчид хоорондоо өрсөлдөгчид гэж харагддаг ч энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан харилцаа холбоогоо тэлэх, мэдээлэл солилцох, цаашлаад CEO-ууд, маркетерууд болон борлуулалтын салбарынхан ноу-хаугаа шинэчлэх, хайрцаглагдсан байдлаасаа гарах чухал хэрэгсэл, боломж гэж харах хэрэгтэй.
Хоёрдугаарт, хамгийн чухал зүйл болох худалдан авагчид маань энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан өрсөлдөөн дундаас өөртөө хамгийн таатай үнэ ханшаар, хамгийн чанартайг нь сонгох боломж бүрдэж байгаа юм. Эцсийн бүлэгтээ ижил төстэй бизнес эрхлэгч бидний дундаас хэрэглэгч хожиж байх ёстой юм л даа.
- Монголын хүнсний салбарын цаашдын хөгжил, тэр дундаа Монгол брэндүүдийг олон улсын зах зээлд гаргах боломжийг та хэрхэн харж байна вэ?
- Миний хувьд Монголын хүнсний салбарын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, сав баглаа боодол, маркетинг зэрэгт улам их анхаарч, дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүрэх боломж бүрэн бий гэж хардаг.
Бид зөвхөн дотоодын зах зээлдээ борлуулах бус, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн хэрэглэгчдэд хүргэх зорилготой байх хэрэгтэй. Тэр утгаараа Foodex Mongolia 2026 шиг олон улсын шинж чанартай үзэсгэлэнгүүд нь Монголын брэндүүдийг дэлхийтэй холбох нэг том гүүр болж чадна.
- Эцэст нь Foodex Mongolia 2026-д оролцох гэж буй байгууллагууд болон үзэсгэлэнг зорин ирэх хэрэглэгчдэдээ хандаж юу хэлэх вэ?
- Эцэст нь Foodex Mongolia 2026 зохион байгуулагч Экспо Монголиа-гийнхаа хамт олонд баярлаж, талархаж буйгаа илэрхийлье!
Мөн оролцогч байгууллагууддаа хэлэхэд, жил ирэх тусам энэхүү салбарын үзэсгэлэнг өндөр зэрэглэлд хүргэх гол зүтгүүр нь таны брэнд юм шүү. Амжилттай оролцоорой. Бизнес нь өргөжин тэлэх болтугай гэж ерөөе. Хамгийн чухал үгээр ярилцлагаа өндөрлөмөөр байна.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бол энэхүү үзэсгэлэнгийн гол дүр юм шүү.
Та бүхэн зочилж, оролцож, энэ гурван өдрийг дүүргэж чадвал бидний хичээл зүтгэл талаар болохгүй. Эцсийн зорилгодоо хүрч, бүтээгдэхүүнээ танд танилцуулж чадсан маань бидний амжилт юм шүү.
2026 оны 9 дүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Мишээл Экспо дээр уулзацгаая!
Foodex Mongolia 2026-д уулзъя!
Холбоо барих:
Утас: (976) 77773010
И-мэйл: conference@minex.mn
www.foodexmongolia.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
