НАСА хамгийн хүчирхэг дуран авайгаа сансарт хөөргөлөө
НАСА шинэ үеийн хүчирхэг телескопоо Ням гарагт Флорида мужаас сансарт хөөргөжээ.
Уг дуран авай нь харанхуйн энерги, хар нүх болон орчлон ертөнцийн бусад нууцуудыг судлах зориулалттай юм.
Одоо ашиглагдаж буй Hubble, James Webb хоёр дурангийн харах талбайгаас 100 дахин том талбайг Nancy Grace Roman нэртэй шинэ телескоп харах чадвартай тул сансрын асар том панорама зураг авах боломжтой.
Шинэ телескоп 100 хоног аялсны дараа дэлхийгээс 1.6 сая километр орчим зайд оршдог ажиглалтын цэгтээ хүрснээр ажил нь эхлэх юм.
“Roman бидний хорвоо ертөнцийг харах өнцгийг өөрчлөх болно” гэж НАСА-гийн ажилтан Ники Фокс хэлжээ.
Шинэ телескопыг Ням гарагийн өглөө Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвөөс хөөргөсөн юм.
Хөөрснөөсөө хойш 30 минутын дараа SpaceX-ийн пуужингаас салсан Roman цааш аяллаа үргэлжлүүлжээ.
“Roman олон арван мянга, магадгүй зуун мянган харь гарагийг нээх болно. Бид яагаад харь гарагуудад ингэж их анхаарлаа хандуулж байгаа вэ? Учир нь НАСА-гийн нэг гол зорилго бол бид энэ ертөнцөд ганцаараа юу гэсэн асуултад хариулах юм” гэж Фокс тайлбарласан байна.
Телескопыг хөөргөсний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп утсаар оролцож, төслийн ажилтнуудад баяр хүргэжээ.
“Та нар сансрын уудамд хамгийн хүчтэй нь, манай улс энэ дэлхийн хамгийн хүчтэй нь. Тиймээс энэ бүхнийг үргэлжлүүлцгээе. Та бүхэн энэ үйл хэргийн том хэсэг шүү” гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.
Шинэ телескоп нь дэлхий, сар хоёрын хоорондох зайнаас дөрөв дахин хол зайд байрлаж ажиллах юм. Ийм хол зайд хэт улаан туяаны камерууд сансрын гүнээс ирэх “дулааны гэрэл”-ийг дэлхий болон сарны нөлөөгүйгээр ажиглах боломжтой байдаг гэнэ.
НАСА-гийн James Webb телескоп 2021 онд хөөрч, одоо дэлхийгээс бас 1.6 сая километрийн зайд нарыг тойрон эргэж байгаа.
Гэхдээ түүний дурангийн харах талбай нь хангалттай том биш юм.
1990 онд хөөргөсөн Hubble телескоп дэлхийгээс 500,000 гаруй километрийн зайд ажилладаг.
Шинэ телескопт 1960-аад оны үед НАСА-гийн анхны ерөнхий астрономич, анхны эмэгтэй удирдах ажилтан болж байсан Нэнси Грэйс Романы нэрийг өгсөн байна.
Ажил мэргэжлийн замналынхаа хугацаанд тэр Hubble телескопыг бүтээх төслийг АНУ-ын Конгрессоор батлуулахад чухал үүрэгтэй оролцож байжээ.
Nancy Grace Roman телескоп таван жилийн ашиглалтын хугацаатай ч 10 жил хүртэл хугацаанд ажиллуулахаар НАСА төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
