АНУ-д хоригдож буй Венесуэлийн Мадуро баривчлагдсанаасаа хойш авхуулсан анхны гэрэл зургуудаа нийтэд үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-д хоригдож буй Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро баривчлагдсанаасаа хойш авхуулсан анхны гэрэл зургуудаа өчигдөр нийтэд үзүүлжээ.

Уг хоёр гэрэл зургийг тэр АНУ-ын цагдан хорих төвд авхуулсан мэт харагдаж байна.

Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчнийхэн Мадуро болон түүний гэргий Силия Флорес нарыг нийслэл Каракас хотоос баривчилсан юм. Одоо тэд Нью-Йорк хотын Брүүклин дүүрэг дэх цагдан хорих төвд хар тамхины наймаа, галт зэвсгийн хэргээр шалгагдаж байгаа.

“Бид эдгээр зургуудыг бүх ач зээ нар, үр хүүхдүүддээ, биднийг хайрладаг бүх сайн хүмүүст бяцхан бэлэг болгон илгээж байна. Та бүхний хайраар дүүрэн зүрх сэтгэлтэйгээр бат зогсож байгааг минь мэдээсэй гэж бид хүсэж байна. Бид хүчтэй, тайван, итгэлтэй хэвээр байх болно. Бурхан бидэнтэй хамт байна. Бурхан биднийг ивээх болно. Венесуэл дахин босох болно” гэж тэр X болон Телеграм хуудсандаа испани хэлээр бичжээ.

Зургаас харвал өнгөрсөн хугацаанд Мадуро нэлээд жин хассан бололтой.

Зургуудыг Ням гарагт нийтэлсэн ч цаг хугацаа нь зургаадугаар сарын 25-ны өдөр буюу Венесуэлд дараалан хүчтэй газар хөдөлсний маргааш авхуулсан болохыг харуулжээ.

Одоогоор Мадурогийн хоригдож байгаа цагдан хорих төв зургийн талаар тайлбар өгөөгүй байна.

Хоёр хоногийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес тус улсын газрын тосны томоохон батлагдсан нөөцийг АНУ-ын хяналтад өгөх түүхэн гэрээ байгуулснаа зарлаж байв.

Мадуро сонин хэвлэл унших, интернэтэд хандах эрхгүй, зөвхөн гэр бүлийнхэн болон өмгөөлөгчтэйгөө нэг удаад 15 минут, сард нийтдээ 300 хүртэл минут утсаар ярих эрхтэй хоригдож байгаа гэсэн мэдээлэл бий.

Мадуро болон түүний гэргий нарын шүүх хурал 2027 оны зургаадугаар сарын нэгэнд эхлэх товыг Нью-Йоркийн холбооны шүүх өнгөрсөн сард зарласан юм.

 

Эх сурвалж: AFP