Засгийн газрынхаа эсрэг боссон Албанийн оюутнууд боловсролын яамаа галдан шатаажээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Албани улсын нийслэл Тирана хотод хоёр дахь өдрөө засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл өрнүүлсэн оюутнууд тус улсын боловсролын яамны байранд гал тавьжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр жагсагчид Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө тус яамны байранд нэвтэрч, дотор нь гал тавьсан бөгөөд энэ үеэр 16 хүн баривчлагдсан байна.

Оюутнуудын жагсаал Лхагва гарагт бас үргэлжилжээ.

Энэ өдөр олон зуун оюутан хотын төвд цугларч, их сургуулиудын нөхцөлийг сайжруулах, ерөнхий сайд Эди Рамаг огцруулахыг шаардан боловсролын яамны байр руу чулуу нүүлгэж байв.

Жагсагчдыг тараахын тулд цагдаагийн тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна.

Мөн жагсагчид ойр орчмын хашааг сугалан авч, гудамжинд хаалт босгоход ашиглажээ.

Оюутнуудын тэмцэл Даваа гарагт Тирана хотод эхэлсэн бөгөөд Мягмар гарагт олон зуун хүн боловсролын яамны байрны гадаа цугларсан байв.

Шадар сайд Албана Коциу "Эсэргүүцлээ илэрхийлэх нь хууль ёсны эрх мөн боловч үүнийг хүчирхийлэл үйлдэх, хотын эд хөрөнгийг сүйтгэх, гудамж талбайд зодоон цохион хийх шалтаг болгон ашиглаж болохгүй" гэж Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"Би оюутнууд болон эсэргүүцэл илэрхийлэх эрхэд итгэдэг шударга иргэн бүрийг хүчирхийлэл, сүйтгэлээс ангид байхыг уриалж байна!” гэж сайд цааш нь бичсэн юм.

Албани дахь Балканы Эрэн Сурвалжлах Сэтгүүл Зүйн Сүлжээний редактор Бесар Ликмета хэвлэлд ярихдаа "Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь нийслэлийн гол гудамжнуудад дөрвөн сарын турш өдөр бүр үргэлжилсэн жагсаалуудын үргэлжлэл бөгөөд үүнийг 'Фламинго хувьсгал' гэж нэрлэж байна" гэжээ.

Энэхүү хөдөлгөөн нь Албани улсын өмнөд хэсэгт орших, тусгай хамгаалалттай бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнертэй холбоотой амралтын газрын төслийг эсэргүүцэх зорилгоор анх эхэлсэн юм.

Тус төсөл нь авлига, ил тод бус байдалтай холбоотой гэх хардлага, бухимдлыг иргэдийн дунд төрүүлж, жагсагчид ерөнхий сайд Рамаг огцрохыг шаардаж байгаа.

Ликмета цааш нь хэлэхдээ "Гэвч дараа нь тэмцэгчдийн шаардлага өргөжиж, боловсролын нөхцөлийг сайжруулах, авлигатай тэмцэх, залуучуудад илүү өргөн боломж олгох зэрэг асуудлуудыг хөндөх болсон. Энэ нь Албанийн залуу үеийнхний дунд нийгмээс хаягдах, эрх мэдлээ алдах мэдрэмж улам бүр нэмэгдэж буйн илрэл юм” гэжээ.

Оюутнууд орон нутгийн хэвлэлүүдэд ярихдаа уг эсэргүүцлийн жагсаал нь их сургуулийн орчин нөхцөл, сургалтын төлбөр, мөн залуучуудад үзүүлэх дэмжлэг дутмаг байгаагийн эсрэг чиглэсэн гэдгийг тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: Reuters