Н.Наранбаатар: Цэргийн зарлан авсан залуус эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж дүгнэлтээ гаргуулах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд явагдана. Цэрэгт татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

Энэ тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын(НЭМГ) дарга Н.Наранбаатар “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах байруудад нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллаж байна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан залуус цэрэг татлагаар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, дүгнэлтээ гаргуулах боломжтой.

Цэрэгт татагдахын өмнө эрүүл мэндийн байдалдаа анхаарах хэрэгтэй. Цэрэг татлагын дараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай бол эмчлэх төлөвлөлт гаргаж байгаа. Эрүүл мэндийн үзлэгийг нэг урсгалаар зохион байгуулна.

Цэрэг татлагын байруудад ажиллаж байгаа албан хаагчдын зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүх, хоорондын зайгаа барих, бусад шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна” гэв.

Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр залуус найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм байна.

  1. Зүрхний цахилгаан бичлэг
  2. Хэвлийн эхо
  3. Цээжний рентген зураг
  4. Цус, шээсний ерөнхий шинжилгээ
  5. Биохимийн шинжилгээ
  6. Элэгний B, C вирус
  7. ДОХ
  8. Серологийн шинжилгээнд хамруулна.

Цэргийн насны залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах аж.