Зураг
Зураг

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. 

Энэ тухай НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд цэрэг халагдах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар болно.

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно.

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх дүүргийн цэрэг татлагын байрууд өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль, Налайх дүүрэгт “Эрдмийн оргил” сургуульд цэрэг татна.

Түүнчлэн энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ.

Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай” гэв.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

  1. Баянгол дүүрэг - 96-р сургууль,
  2. Баянзүрх дүүрэг - 14-р сургууль,
  3. Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль,
  4. Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль,
  5. Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль,
  6. Хан-Уул дүүрэг - 34-р сургууль,
  7. Налайх дүүрэг - “Эрдмийн оргил” сургууль
  8. Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон
  9. Багахангай дүүрэг - 91-р сургууль.