Германы цагдаагийн газар өсвөр насны охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбоотой роботыг хураан авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Германы цагдаагийн байгууллага бусдад бэлгийн дарамт учруулсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүн дүрст роботыг хураажээ.

Тодруулбал, хоёр залуугийн удирдаж байсан уг робот 16 настай охины өгзөгт хүрч, түүнийг чиглэсэн өдөөн хатгасан шинжтэй хөдөлгөөнүүдийг хийсэн юм байна.

Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө Кёльн хотод уг хэрэг гарсан бөгөөд роботын эзэн гэгдэж буй 16 настай хүү болон түүний 19 настай хамтрагч уг үйлдлээ онлайн сүлжээнд шууд дамжуулж, тайлбарлаж байжээ.

Кёльн хотын цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Кристоф Бермелийн мэдээлснээр дээрх хоёр залууд одоогоор албан ёсоор ял тулгаагүй ч сэжигтнээр татан шалгаж байгаа гэнэ.

Мөрдөгчид одоо роботын хөдөлгөөнийг урьдчилан программчилсан байсан уу, эсвэл тухайн үед алсаас шууд удирдаж байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Цагдаагийн албан хаагчид ийм төрлийн гэмт хэрэгтэй өмнө нь огт тааралдаж байгаагүйгээ баталжээ.

Бермель хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй. Энэ бол бидний хувьд цоо шинэ зүйл" гэж хэлсэн байна.

Кёльн хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр түргэн хоолны газрын ойролцоо дуудлагаар очсон албан хаагчид роботыг нэгэн автомашины ачааны хэсгээс олж илрүүлжээ. Тэд уг роботыг болон түүнийг удирдаж байсан хоёр залуугийн гар утсыг хураан авсан байна.

Умард Рейн-Вестфалиа мужийн Кёльн хотын цагдаагийн газар өөрийн Facebook хуудсанд газарт хэвтэж буй, улаан болон алтлаг өнгө хослуулсан роботын зургийг нийтэлжээ.

Ойролцоогоор 120 см өндөртэй уг робот нь цагаан майк, хар өмд өмсөж, хүзүүндээ алтан гинж, нүдэндээ нарны шил зүүсэн байв. Мөн түүн дээр хиймэл сахал наасан байжээ.

 

Эх сурвалж: Associated Press