Японы ерөнхий сайд гэрийн ажилд зарцуулдаг цаг өөрийг нь өмнөх эрэгтэй сайд нараас илүү завгүй болгож буйг ярьжээ
Японы ерөнхий сайд Лхагва гарагт ярихдаа өөрийн маш завгүй ажлын хуваарийн хажуугаар гэрийн ажилд зарцуулдаг цаг нь өмнөх эрэгтэй ерөнхий сайд нараас “3-4 цагаар” илүү ажиллуулдаг байж болзошгүйг хэлжээ.
Өнгөрсөн онд Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдсон Санае Такаичи парламентад үг хэлэхдээ "Өглөө босоод усанд орж, өглөөний цай бэлтгэх, аяга таваг угаах, мөн нүүрээ будах зэрэгт нэлээд цаг зарцуулдаг. Эдгээр зүйлсийг хийхэд би эрэгтэй ерөнхий сайд нараас гурваас дөрвөн цаг илүү зарцуулж байгаа мэт санагддаг" гэсэн юм.
Өөрийгөө ажлын хэнээтэй хүн (workaholic) гэж тодорхойлдог Такаичи өмнө нь шөнө ердөө 2-4 цаг унтдаг, заримдаа ажилтнуудтайгаа өглөөний 3 цагт хуралддаг тухайгаа ярьж байсан удаатай.
Японы нийгэмд хүйс дээр суурилсан ажил үүргийн хуваарилалт хатуу тогтсон байдаг бөгөөд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо үргэлж хангалтгүй байсаар ирсэн.
Тухайлбал хоёрдугаар сард болсон парламентын доод танхимын сонгуулиар нийт 465 суудлын төлөөх өрсөлдөөнд ердөө 68 эмэгтэй хууль тогтоогч сонгогдож байв.
Японы ерөнхий сайд нар парламентын хуралдаанд оролцоход маш их цаг зарцуулдаг уламжлалын талаар эрх баригч эвслийн гишүүний тавьсан асуултад Такаичи хариулах үеэр түүний цаг төлөвлөлтийн асуудал хөндөгдсөн байна.
Японы удирдагчид өдөрт таваас долоон цагийг сөрөг хүчний хууль тогтоогчдын асуултад хариулахад, эсвэл зүгээр л парламентад суухад зарцуулах нь түгээмэл үзэгдэл байдаг.
"Японы Инновацын Нам"-ын хууль тогтоогч Фүмитакэ Фүжита судалгааны дүн танилцуулахдаа 2022 онд Японы ерөнхий сайд парламентын хуралдаанд 72 өдөр оролцсон бол Их Британид энэ тоо 50 өдөр, Германд 13 өдөр байсныг харьцуулжээ.
Хууль тогтоох байгууллагын хуралдааны ач холбогдол чухал болохыг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар Фүжита "Манай удирдагч ийм урт хугацаагаар парламентад уягдаж байгаа нь дэлхийн жишигт нийцэхгүй байна" гэж шүүмжилсэн юм.
Такаичи долдугаар сард сошиал хуудсандаа "ажлаас авчирсан болон парламентын асуулгатай холбоотой баримт бичгүүдийг нягтлан үзэхийн тулд үүр цайтал суудаг" хэмээн бичиж байв.
Тэрбээр Лхагва гарагт "Би гэртээ овоолсон баримт бичгүүдийг шөнийн цагаар уншиж судлах дуртай" гэж хэлжээ.
Гэхдээ тэр "улс орны ирээдүйн хөгжил, хэтийн төлөвийн талаар тунгаан бодож, ухаан санаагаа цэгцлэх цаг гаргахад надад хэцүү байдаг” хэмээн шахуу ажлын хуваарьтай байдгаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

