Зураг
Зураг

Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээрийг асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол нь 1923 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн. Одоогоор 190 улс тус байгууллагын гишүүн бөгөөд түүний Ерөнхий ассамблейн 2025 оны 93 дугаар чуулганаар “Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээр”-ийг баталсан аж.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Интерполын Үндсэн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн баталгааг бүрдүүлэх, гишүүн улсуудын төлөөлөгчид албан үүргээ бие даан, хараат бусаар саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангахад оршиж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Түүнчлэн хэлэлцээрт тус байгууллагын байр, архив, мэдээллийн сүлжээ болон албан захидал харилцааны халдашгүй байдлыг хангах, шүүхийн болон хуульд заасан албадлагын арга хэмжээ, бүх төрлийн шууд татвар, хураамжаас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн албан үүргээр зорчиж буй төлөөлөгч, алба хаагчдыг баривчлах, саатуулах, ачаа тээшийг нь нэгжихгүй байх хувийн халдашгүй байдлыг хангахын зэрэгцээ, тэдний албан үүрэгтэйгээ холбоотой хэлсэн үг, үйлдсэн үйлдэлд нь дархан эрх олгож, визийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцээрийн 20 дугаар зүйлийн 1-т “Хэлэлцээр нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай тав дахь батламж бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд одоогоор энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна.

Энэхүү хэлэлцээр нь заавал соёрхон батлах хэлэлцээрт хамаарч байгаа тул Олон улсын гэрээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Заавал соёрхон батлах олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, олон улсын гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг Засгийн газар энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөж гаргана” гэж заасны дагуу шийдвэрийн төслийг боловсруулжээ.

Г.Тэмүүлэн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэлэв. Энэхүү хэлэлцээрт нэгдэх асуудлыг тодорхой хугацаагаар хүлээх шаардлагатай гэдэг байр суурийг гишүүд илэрхийлээд, хэлэлцээрийн орчуулгад анхаарал хандуулах шаардлагын талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын эрх ямба, дархан эрхийн тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг зөвшөөрөх эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны энэ талаарх тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.