Зураг
Зураг

“Галзуу хулгана”-аас хүн унаж, амиа алдсаны дараа Six Flags компани АНУ дахь ижил төстэй бүх тоглоомуудаа зогсоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Six Flags Entertainment Corp" компани өөрийн эзэмшлийн зугаа цэнгээний хүрээлэнгүүдэд гарсан хэд хэдэн ослын улмаас АНУ даяар ажилладаг 10 ширхэг “галзуу хулгана” төрлийн тоглоомыг түр хугацаагаар зогсоожээ.

Хамгийн сүүлд Даваа гарагт хүний ​​амь нас хохирсон осол гарсан "Goliath" нэртэй тоглоом үүнд багтсан байна.

"Аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс бид хүрээлэнгүүд дэх ижил төрлийн тоглоомуудыг түр хаалаа. Үйлчлүүлэгчид болон ажилтнуудын аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт юм” гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ.

Үйл ажиллагааг нь түр зогсоосон тоглоомууд Охайо мужийн "Kings Island" болон Нью-Жерси мужийн "Six Flags Great Adventure" зэрэг долоон хүрээлэнд байрладаг бөгөөд тэдгээрийг хэзээ дахин нээх талаар тодорхой хугацаа заагаагүй байна.

АНУ-ын бүс нутгийн чанартай зугаа цэнгээний хүрээлэнгүүдийн хамгийн том эзэмшигч гэгддэг "Six Flags"-ийн хувьцааны ханш Мягмар гарагт 17.28 хувиар унаж, Ковид-19 цар тахлын улмаас дэлхий даяар ижил төстэй үйлчилгээнүүд хаагдаж байсан үеэс хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Даваа гарагт Жоржиа мужийн "Six Flags Over Georgia" хүрээлэнд болсон “галзуу хулгана” (roller coaster)-ы ослын улмаас 42 настай эрэгтэй амиа алдсан юм.

Тус хүрээлэнгийн ажилтнууд үдээс хойш 03:58 цагийн орчимд үйлчлүүлэгчтэй холбоотой осол гарсан тухай мэдээллийн дагуу яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр Хассан Жихад Ибн Карим гэдэг хүн тоглоомоос шидэгдэж, бусад үйлчлүүлэгчдийг мөргөсний дараа газарт унасан юм байна.

"Six Flags" өнгөрсөн сард Калифорни мужийн Валенсиа дахь "Magic Mountain" хүрээлэнд байрлах "X2" галзуу хулгана төрлийн тоглоомыг бүрмөсөн хаахаар болсноо зарлаж байв.

"Dordick Law Corp" хуулийн фирмийн мэдээлснээр гурван үйлчлүүлэгч нь "X2" тоглоомоос үүдэлтэй тархины хүнд гэмтэл авсан гэх үндэслэлээр “Six Flags” компанийг шүүхэд өгчээ.

Тус фирм гэмтэл авсан гэгдэх нийт 100 гаруй үйлчлүүлэгчийн хэргийг хариуцаж байгааг мэдэгдэлдээ дурдсан байна.

Харин "Six Flags" компани "X2" тоглоом нь аюулгүй байдлын олон шалгалтыг амжилттай давсан болохыг хариу мэдэгджээ.

"Six Flags Over Georgia" цэнгэлдэх хүрээлэн нь Атланта хотоос баруун зүгт 19 км зайд байрладаг.

"Six Flags" ажилтнууд болон орон нутгийн эрх баригчид ослын мөрөөр шуурхай арга хэмжээ авсан бөгөөд ослын шалтгааныг тогтооход идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ

 

Эх сурвалж: Reuters