Дроны цохилт Хар тэнгист хөлөг живүүлж, 10 хүн сураггүй болсны дараа Болгар улс Оросын талд эсэргүүцэл илэрхийллээ
Болгарын эргээс холгүй Хар тэнгисийн усанд худалдааны хоёр хөлөг онгоц дроны цохилтод өртөж, нэг нь живсний дараа Софи дахь Оросын элчин сайдыг тус улсын ерөнхийлөгч Румен Радев дуудан уулзжээ.
Батлан хамгаалахын сайд Димитар Стояновын мэдээлснээр Гвиней-Биссау улсын далбаатай "HS Dignity" хөлөг онгоц Крапец тосгоноос зүүн тийш 31 км зайд тусламж хүссэн дохио илгээснийхээ дараа живэхэд багийн зургаан гишүүнийг аварсан ч 10 хүн сураггүй алга болсон байна.
Украины эзэмшлийн "Chelsea-3" хөлөг онгоц Бяла хотоос 33 км зайд дроны цохилтод өртсөн боловч багийн бүх 15 гишүүнийг аварч чаджээ.
Эдгээр халдлагууд нь Болгарын эдийн засгийн онцгой бүсэд худалдааны өөр хоёр хөлөг онгоц тэнгисийн болон агаарын дроны цохилтод өртсөнөөс хойш долоо хоногийн дараа болж байна.
Өмнөх хоёр хөлөг онгоцны нэг болох "Alfa Watan" живж, багийн 10 гишүүн (үүний дотор есөн Сирийн иргэн) бүгд амиа алдсан гэж үзэж байгаа.
Болгарын ерөнхийлөгч Мягмар гарагт яаралтай хурал зарлаж, тус улсад суугаа Оросын элчин сайд Элеонора Митрофановаг дуудаж уулзсанаа мэдэгдсэн байна.
Тэрбээр "аль нэг тал буруутай гэх эргэлзээгүй нотлох баримт байхгүй ч... үйл явдлын өрнөл, үр дүн нь ОХУ-д ашигтай байгааг логик дүгнэлт харуулж байна" гэж энэ үеэр хэлжээ.
Уулзалтын үеэр Митрофанова сүүлийн үеийн халдлагуудын талаар Оросын батлан хамгаалах яамнаас ямар ч мэдээлэл аваагүйгээ Радевт хэлснийг хожим Болгар улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрбээр мөн эдгээр цохилтууд нь гуравдагч этгээдийн өдөөн хатгалга байж болзошгүйг мэдэгдсэн гэнэ.
Болгар улс НАТО-гийн гишүүн бөгөөд Радев өчигдөр тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй сүүлийн үеийн халдлагуудын талаар ярилцсан байна.
Яриа хэлэлцээний дараа Рютте "Хар тэнгис дэх холбоотнуудтайгаа НАТО нягт хамтран ажилласаар байх болно" гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь "Бид зүүн жигүүр дэх байр сууриа аль хэдийн бэхжүүлсэн бөгөөд аюулгүй байдлын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бол эсэргүүцэх болон батлан хамгаалах чадавхаа тохируулан өөрчлөх болно" гэж нэмж хэлсэн байна.
"Dignity" болон "Chelsea-3" хөлөг онгоцнууд Болгарын харьяа нутаг дэвсгэрийн усны гадна талд, Хар тэнгис дэх тус улсын "эдийн засгийн онцгой бүс"-д цохилтод өртсөн юм.
Хэрэв энэ үйл явдал баруун тийш хэдхэн километрийн зайд болсон бол НАТО-гийн гэрээний тавдугаар зүйл хэрэгжих байжээ.
Энэ зүйл ангид аль нэг гишүүн улсын нутаг дэвсгэр гаднын халдлагад өртвөл НАТО бүхэлдээ халдлагад өртсөнд тооцож, нэгдсэн хариу арга хэмжээ авах тухай заасан байдаг.
"Хар тэнгис дэх хурцадмал байдал тогтмол нэмэгдэж байна. Энэхүү мөргөлдөөн манай улсын нутаг дэвсгэрийн ус руу улам бүр ойртож байгааг бид харж байна” гэж Болгарын батлан хамгаалахын сайд Румын, Турк улсын ижил албан тушаалтнуудтайгаа уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Украин улс өөрийн хөлөг онгоцнууд руу довтлох нь "логикийн хувьд утгагүй" хэрэг тул "эдгээр нисгэгчгүй онгоцнууд Оросынх байх магадлалтай" гэж тэрбээр хэлсэн юм.
Румен Радев өмнө нь аравдугаар сарын 6-нд болсон халдлагуудын ард хэн байгаа нь тодорхойгүй байгааг дурдаж, уг хэргийг мөрдөн шалгахад техникийн туслалцаа үзүүлэхийг НАТО болон Европын Холбооноос хүсэж байсан юм.
Радев өнгөрсөн зун албан тушаалдаа орсон бөгөөд өөрийг нь "Оросын талыг баримтлагч" гэх таамгийг няцаадаг ч түүний засгийн газар одоогоор Москваг аливаа зүйлд буруутгахаас зайлсхийсээр байгаа.
Украин улс сүүлийн үеийн халдлагуудыг Орос улс үйлдсэн гэж шууд буруутгаж байгаа бөгөөд Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр хэлсэн үгэндээ Хар тэнгис нь "Оросоос Украинд явуулж буй дайны хурцадмал байдлын бас нэгэн талбар болж байна. Энэ бол хүлээн зөвшөөршгүй зүйл" гэж мэдэгджээ.
Оросын цэргийнхэн энэ асуудлаар олон нийтэд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тус улс саяхан Украинд явуулж буй дайныхаа хүрээнд Хар тэнгис, ялангуяа түүний баруун хэсэгт байрлах хөлөг онгоцнууд руу хийх цохилтоо эрчимжүүлээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Болгарын эрэг орчимд хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн өдөр Украины тал Оросын Хар тэнгисийн боомт Сочи хотын эрэгт байсан газрын тос тээвэрлэгч хөлөгт цохилт өгч байв.
Москвагийн зүгээс Украины боомтууд руу зэвсэг болон давхар зориулалттай ачаа тээвэрлэж буй хөлөг онгоцнуудыг онилж байгаагаа мэдэгдсэн.
Гэвч Киев болон түүний Европын холбоотнууд үр тариа болон бусад иргэний зориулалттай ачаа тээвэрлэж буй худалдааны хөлөг онгоцнууд халдлагад өртөж байгааг мэдэгддэг.
Мягмар гарагт аюулгүй байдлын асуудал хариуцсан албаныхантайгаа уулзах үеэр Болгарын ерөнхий сайд "Болгарын нутаг дэвсгэрийн усны яг хажууд худалдааны хөлөг онгоцнууд руу дахин халдлага үйлдсэн явдал нь огтхон ч хүлээн зөвшөөршгүй хэрэг юм" гэж анхааруулжээ.
Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига "Орос улс Болгарын нутаг дэвсгэрийн усны ойролцоо худалдааны хөлөг онгоцнуудын эсрэг сүүлийн үед явуулсан халдлагаараа... энгийн иргэдийн амь нас, Хар тэнгис дэх далайн аюулгүй байдлыг санаатайгаар үл тоомсорлож буйгаа дахин харууллаа" гэж мэдэгдсэн байна.
"Хар тэнгис бол дэлхийн хүнсний аюулгүй байдлын амин чухал суваг юм. Орос улс өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж, дэлхий нийтийг барьцаалахын тулд тус бүс нутагт халдлага үйлдэж байна. Үүний эсрэг хатуу байр суурь баримтлах ёстой" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Орос болон Украин улсууд хоёулаа үр тарианы томоохон экспортлогч орнууд бөгөөд Турк улс талуудыг Хар тэнгис дэх халдлагаа зогсоохыг уриалж байгаа.
Москвагийн эрх баригчид Хар тэнгист байлдааны ажиллагаагаа зогсоох тухай АНУ болон Европын орнуудын уриалгыг удаа дараа няцааж, тус бүс нутагт Оросын худалдааны хөлөг онгоцнууд руу халдсан хэрэгт Украиныг буруутгасаар ирсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
