Эрэлт өндөр байгаагийн улмаас дараагийн ээлжийн iPhone Duo хэзээ худалдаанд гарахыг Apple мэдэхгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

$1,999-аас эхлэх үнэтэй, эвхэгддэг iPhone ухаалаг гар утас худалдаанд гарснаасаа хойш долоо хоногийн дотор бүгд зарагдаж дууссан тул илүү олон хүнд хүргэхээр шаргуу ажиллаж байгаагаа Apple компанийн шинэ гүйцэтгэх захирал хэлжээ.

Есдүгээр сард Apple компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан Жон Тернус өчигдөр буюу Даваа гарагт сүүлийн улирлын санхүүгийн тайланг танилцуулах хурлын үеэр iPhone Duo загварын эхний үр дүнд "маш их баяртай" байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү шинэ бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгаа тул дараагийн ээлжийн iPhone Duo хэзээ худалдаанд гарах боломжтойг одоогоор хэлж мэдэхгүй байгаагаа Apple компанийн үйл ажиллагаа хариуцсан шинэ захирал Сабхи Кан энэ үеэр хэлжээ.

Тэрбээр "Одоогоор нийлүүлэлт болон эрэлт хэзээ тэнцвэржих талаар таамаг хэлэхэд үнэхээр хэцүү байна" гэж хэлсэн юм.

Apple-ийн удирдлагууд энэ үеэр iPhone Duo загварын дэлгэцтэй холбоотой асуудлын талаар дурдаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт тус компани шинэ загварын дотор талын дэлгэцийн нугардаг хэсгээр хагарал үүссэн “цөөн тооны” тохиолдол бүртгэгдсэнийг хүлээн зөвшөөрч, энэ тохиолдолд шинээр сольж өгөхөө амлаж байв.

Даваа гарагт болсон хурлын үеэр Apple компанийн удирдлагууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий даяар урьд өмнө байгаагүй олон тооны iPhone утас борлуулснаа онцолсон байна.

Аравдугаар сарын сүүлээр худалдаанд гарсан iPhone Duo загварын борлуулалтыг оруулахгүйгээр тооцоход есдүгээр сарын 26-ныг дуусах хүртэл гурван сарын хугацаанд Apple-ийн iPhone утасны борлуулалт 17 хувиар өсөж, $57 тэрбумд хүрсэн гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн улиралд Mac компьютерын борлуулалт 27 хувиар өсөж, $10.7 тэрбумд хүрсэн нь Apple-ийн хувьд бас нэгэн дээд амжилт болжээ.

Компанийн нийт борлуулалт жилийн дүнгээр 15 хувиар өсөж, $479 тэрбумд хүрчээ.

Гэвч iPad болон Apple-ийн зүүдэг төхөөрөмжүүдийн (чихэвч, Apple Watch гэх мэт) борлуулалт тус тус 10 болон 7 хувиар унасныг тэдгээрт ашигладаг дэвшилтэт микропроцессоруудын нийлүүлэлт хомсдолтой байгаатай холбон тайлбарласан байна.

Хиймэл оюуны дата төвүүд олноор бий болсон нь хагас дамжуулагч чипүүдийн хэрэгцээг нэмэгдүүлж, зах зээлд хомсдол үүсгэж, зардлыг өсгөж байгаа.

Өмнөх гүйцэтгэх захирал Күүк энэ оны эхээр Apple компанид тулгарсан дата төвийн зардлын гэнэтийн өсөлтийг "мянган жилд нэг тохиох үер" хэмээн тодорхойлж байв.

 

Эх сурвалж: AFP