Жуан Муниер: Дүүжин тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсолт хийх зэрэг туршилт үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минут зорчих дүүжин замын тээврийн ачаатай туршилт эхэлжээ.

Энэ тухай “Пом" группийн барилгын инженер Жуан Муниер "Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар өнөөдөр үргэлжилнэ. Энэ хүрээнд системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулах юм. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх зэрэг тохиолдол гарна. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг. 

Надаас ярилцлага авч буй хүмүүсийн асуулт болон олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээс харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд нэлээдгүй санаа зовж байгаа нь анзаарагдаж байна. Бид дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн, мөн зуны улиралд хэт халуун уур амьсгалтай улс орнууд зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна.

Манай төслийн бүх ажил стандартын дагуу, шат дараатай хийгдэж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай явагдаж байна. Ачаатай буюу 750 кг-ийн даац бүхий кабины туршилтуудыг амжилттай дуусгаснаар төслийн ажил маань дуусах шатандаа орно. Тиймээс та бүхэн ямар нэгэн зүйлд санаа зоволгүй, манай дүүжин замын тээврээр үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.

Дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. 

Уг тээврийн туршилтыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасны дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийнэ.

Үүний дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулна хэмээн мэдээлж байсан юм.