"БНСУ-д амьдарч буй иргэний олон улсын жолооны үнэмлэх авах хүсэлтийг ажлын гурван өдөрт шийдвэрлэнэ"
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төсөл"-ийг хэлэлцэж дэмжлээ.
Уг хэлэлцээрийн төсөл батлагдсанаар БНСУ-д богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрөөс эхлэн нэг жил хүртэлх хугацаанд өөрийн үнэмлэхэд заасан тухайн ангиллын хүрээнд хамаарах тээврийн хэрэгслийг олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээрээ жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх юм байна.
Түүнчлэн аль нэг талын нутаг дэвсгэрт нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин сууж буй, 18 насанд хүрсэн нөгөө талын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалтгүйгээр, дүйцүүлэх хүснэгтийн дагуу хүсэлтээ гарган, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ солиулах боломж бүрдэх аж.
Өнөөдрийн хурлын үеэр ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн дэд дарга Шижир олон улсын жолооны үнэмлэхийг хэр хугацаанд хэвлэж өгөх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсаас БНСУ руу зорчиж буй манай улсын иргэд одоогоор олон улсын үнэмлэх авч явдаггүй. Хэлэлцээр хийгдсэний дараа олон улсын үнэмлэх авч явдаг болно. Манай байгууллагаас жилд 5,000 орчим олон улсын жолоодох эрхийн үнэмлэх хэвлэж иргэдэд олгодог.
БНСУ-д амьдарч буй иргэн олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авъя гэвэл и-монголиа цахим систем рүү хандаж хүсэлт илгээх боломжтой. Тухайн иргэн хүсэлтээ илгээсэн тохиолдолд манай байгууллага ажлын гурван өдөрт багтааж шийдвэрлэнэ.
И-монголиа систем рүү орох боломжгүй иргэн байвал тухайн орныхоо Элчин сайдын яаманд хандаж, Монголд байдаг нэг иргэн дээр итгэмжлэх бичиж өгнө. Тухайн иргэн манай байгууллага дээр материал бүрдүүлж өгснөөр үнэмлэх хэвлэгдэнэ.
Манай байгууллага ажлын ачааллаас хамаараад олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 3-5 өдөрт хэвлэж олгодог. Өнөөдрийн байдлаар хэлэлцээр батлагдаагүй байгаа учраас БНСУ руу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авч явсан иргэд байхгүй. Хэлэлцээр батлагдсан тохиолдолд БНСУ руу явах иргэн хүсэлт гаргавал олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авдаг болно" гэв.
Одоогоор Бүгд Найрамдах Солонгос Улсад манай улсын 60 гаруй мянган иргэн оршин сууж, суралцаж, хөдөлмөр эрхэлж байгаа юм. Тухайлбал Гадаад хэргийн яамны Консулын газраас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн мэдээллээр БНСУ-д богино хугацаанд зорчсон Монгол иргэдийн тоо 2022 онд 67,146, 2023 онд 141,638, 2024 онд 150,201, 2025 онд 161,755 болж жил бүр өсжээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсад зорчсон БНСУ-ын иргэдийн тоо 2022 онд 52,793 байсан бол 2025 онд 162,971 болж мөн адил тогтвортой өссөн үзүүлэлттэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
