Ёс зүйн дуулианд холбогдсон Грек дэх элчин сайдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаас нь чөлөөлөв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын томилсон Грек улс дахь элчин сайд Кимберли Гилфойл ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Мягмар гарагт албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч өөрийгөө тууштай хамгаалахаа мэдэгджээ.
Афинд ажиллаж байх хугацаандаа болон түүнээс өмнө зохисгүй, магадгүй хууль бус үйлдэл гаргасан гэх шүүмжлэлд өртсөний улмаас түүнийг албан тушаалаас нь чөлөөлснийг Трампын засаг захиргаа мэдэгдсэн юм.
Хэдэн өдрийн турш үргэлжилсэн дуулианы дараа гарсан энэхүү мэдэгдэл нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон Кэти Закариагийн өчигдөр өглөө хийсэн анхны хэвлэлийн хурлын үеэр тавьсан асуултын хариуд гарч ирсэн байна.
Закариа мэдэгдэлдээ Гилфойлыг "манай багт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бөгөөд бид түүнд сайн сайхныг хүсэж байна" гэжээ.
Гилфойл албан тушаалаасаа чөлөөлөгдөж магадгүй болсон тухай мэдээлэл амралтын өдрүүдэд тарсан бөгөөд Даваа гарагт Трамп түүний үйлдлийн талаар дуулианд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.
Трамп "Бид энэ асуудлыг судалж байгаа. Үүнд бид сэтгэл дундуур байна” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Үүнээс өмнө Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Гилфойлын үйлдлээс болж "маш их уурлаж бухимдсан" бөгөөд энэ долоо хоногт түүний цаашдын хувь заяаны талаар шийдвэр гарах магадлалтай гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байсан юм.
Өнгөрсөн сарын сүүлчээс хойш "The Wall Street Journal" сонин Гилфойлын ёс зүйгүй үйлдлүүдийн талаар цуврал мэдээлэл нийтэлсэн бөгөөд үүнд хүлээн авагч орны албан тушаалтанд заналхийлсэн, зохисгүй бэлэг, үйлчилгээ авсан, мөн зээлийн картын их хэмжээний өрөө төлүүлсний хариуд Бүгд Найрамдах Намын засаг захиргаан дахь нөлөөгөө ашиглах боломжийг бусдад санал болгосон зэрэг асуудлууд багтжээ.
Гилфойл сошиал хуудсаараа дамжуулан дээрх буруутгалуудад хариу өгөхдөө "Эдгээр үндэслэлүүд бүгд худал бөгөөд би өөрийн нэр төр, алдар хүнд, шударга байдлаа тууштай хамгаалах болно" гэж мэдэгдэж байв.
Өмгөөлөгчид нь болох Дэвид Шварц, Жэсси Биннал нар мөн Гилфойлын хувийн онгоцоор хийсэн аялалтай холбоотой зүй бус үйлдлийн талаар мэдээллийг няцааж, тэрээр ийм аялал бүрийн өмнө "төрийн департаментын зөвлөмжийг авч, дагаж мөрддөг байсан" гэж тайлбарласан байна.
Анхны мэдээлэл гарсны дараа Гилфойлыг өмгөөлж байсан Рубио сүүлийн үед улам хурцаар яригдах болсон буруутгалын талаар олон нийтэд тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн долоо хоногт тэр "Манай элчин сайд энд маш сайн ажиллаж байгаа" гэж Афинд айлчлахдаа хэлж байв.
Гэвч дараа дараагийн мэдээлэл гарсны дараа буюу Пүрэв гарагт Афинаас явахаасаа өмнө Рубио "Та нар ямар нэгэн эх сурвалж, ямар нэг зүйл дурдаж мэдээлснээрээ л тэр нь туйлын үнэн болчихдог гэж боддог. Энэ бол туйлын үнэн биш. Бидний ажиллах зарчим ийм биш" гэж сэтгүүлчдэд хэлэхэд түүнийг үдэж өгөхөөр ирсэн Гилфойл хажууд нь зогсож байв.
Мягмар гарагт гарсан мэдэгдлийн өмнө Грекийн сөрөг хүчний намууд гадаад хэргийн яамандаа хандаж, Гилфойлд холбогдох гомдол, шүүмжлэлд тайлбар авах зорилгоор түүнийг дуудан уулзахыг уриалж байв.
Баасан гарагт парламентад үг хэлэхдээ гадаад хэргийн дэд сайд асан Сиа Анагностопулу "Энэ бол юуны түрүүнд үндэсний нэр төрийн асуудал юм" гэж мэдэгджээ.
Гадаад хэргийн сайд Гиоргос Герапетритис үүнд хариулахдаа Гилфойлд "бусад бүх элчин сайдын нэгэн адил" ханддагаа онцолж, албан ёсоор дуудан уулзах шаардлага байгаагүйг тайлбарласан байна.
Үүнтэй зэрэгцэн Конгресс дахь Ардчилсан Намын зарим хууль тогтоогчид Гилфойлтой холбоотой дуулианы мөрөөр шалгалт явуулахыг уриалж байв.
Гилфойл нь Афинд болсон нэг хүлээн авалтын үеэр АНУ-ын засаг захиргаа хэрвээ хүсвэл Грекийн засгийн газрыг сулруулж чадна хэмээн зочдод ил тод хэлж байсныг эх сурвалжууд анх мэдээлсэн юм.
Тэр мөн Грекийн барилга, эрчим хүчний нэг компанийн бизнесийн ашиг сонирхлыг сурталчилж, тус компанийн лоббичийг дипломат уулзалтуудад оролцуулахыг зөвшөөрч байсан гэнэ.
Гилфойл бас элчин сайдаар томилогдохоосоо өмнө Трампын сонгуулийн нэг хандивлагчаас $10,000-ын картын зээлээ төлөхийг хүсэж, ингэсэн тохиолдолд засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзах боломж олгохоо амлаж байжээ.
Мөн түүнийг Афин дахь элчин сайдын яамны ажилтнуудтайгаа таагүй харилцаа үүсгэж, дипломатч хүний зан үйлийн хэм хэмжээг зөрчсөн тухай хэвлэлүүд мэдээлж байв.
Гилфойл нь Fox News сувгийн хөтлөгч, Калифорни мужийн прокурор асан нэгэн бөгөөд одоо Калифорни мужийн захирагчаар ажилладаг Гэвин Ньюсомтой гэрлэж байсан түүхтэй хүн юм. Тэр бас Трампын ууган хүү Дональд Трамп Жүниортой сүй тавьж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
