Зураг
Зураг

"Баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно"

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 км зайтай газарт амьдардаг айлын гэр рүү баавгай халдаж нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн явдал энэ сарын 8-ны шөнө гарсан. 

Нас барсан иргэний ар гэрт нөхөн олговор олгох талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улсын онцгой комисс баавгайн асуудлыг аюултай эрсдэлийн хэмжээнд авч үзэн, хурлаар хэлэлцэх бодит асуудал болгосон. Тухайн өдөр Ерөнхий сайдад мэдээлэл өгөөд нэмж албан даалгавар авсан. Сум, аймгийн онцгой байдлын дарга нарт баавгай орж ирсэн бүсээ тогтоо гэх үүрэг өгсөн. 

Энэ эрсдэлтэй бүсэд дотоодын цэргийн байгууллага гэхгүй мэргэжлийн анчин ажиллуулъя гэсэн. Анчин гэдэг Галт зэвсгийн тухай хуулиар тодорхой хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн шалгалт өгч, сертификат авдаг. Ийм анчид эрсдэлтэй гэж тогтоосон бүсэд аюулгүй байдлыг хангах ажиллагаанд оролцож болно. Түүнээс хэтрээд тухайн амьтны гал голомт руу ороод урьдчилан сэргийлэх нэрийдлээр буудаж болохгүй. 

Баавгайд алим, жүрж тавьж өгч байгаа нь буруу шүү, улам амтшуулаад байна. Баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно. Хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна" гэв.