Наймдугаар сараас хойш 997 баавгай суурьшлын бүсэд үзэгдсэнээс 38 баавгайг аюулгүй болгох зөвшөөрөл олгожээ
IKON.MN
2026 оны аравдугаар сарын 13-ны орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр нийт 997 баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгджээ.
Иймд баавгай бүртгэгдсэн орон нутгуудад ажлын хэсэг байгуулагдан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг и-монголиа системээр тогтмол хүргүүлж, байгаль орчны зөрчил мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байгаа юм байна.
- Аюулгүй болгох ажлын явц: Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор 38 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд тоо толгойг зохицуулах зөвшөөрөл олгосноос одоогийн байдлаар 20 баавгайг аюулгүй болгожээ.
- Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд: Холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий.
- Буу, сум худалдан авах ажлын явц: Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор худалдаж аваагүй байна. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна. ,
- Баавгайн тоо толгойг тогтоох ажлын явц: Зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
